Аливаа төсөл эхлэхэд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэхийг шаарддаг  хууль Монголд ч бий. Харин өдгөө  бизнес эрхлэгчид “Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ” хийлгэх шаардлагатай болох нь. Монголд ч ийм үнэлгээг зарим төрийн бус байгууллагууд хийхээр бэлтгэж эхэлжээ. Харин энэхүү үнэлгээг хийлгэх учиртай бизнесийнхэн маань “Хүний эрхийн магадлан шинжилгээ” гэж сонссон болов уу?

 Одоогоор  энэ үнэлгээг хийлгэхийг  хуульчлаагүй ч удахгүй бизнес эрхлэгчид маань ч дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тулд “Хүний эрхийг дээдэлдэг” гэдгээ зарлах учиртай болох юм. 

Өнгөрсөн пүрэв гаригт  Монгол дахь НҮБ-ийн байранд “Бизнес ба хүний эрх”-ийн гүнзгийрүүлсэн сургалтанд төр, бизнесийнхэн, иргэний нийгмийнхэн, сэтгүүлчид ч хамрагдсан юм. Хурлын том танхимд суусан олон хүн өдөржингөө тэвчээртэй сууж, бизнесийнхэн хэрхэн хүний эрхийг дээдлэх учиртайг, төр нь тэднийг хүний эрхийг дээдлэхийг шаардаж дэмжих, харин  иргэний нийгмийнхэн энэхүү үйл ажиллагаанд нь хяналт тавих талаар “номын дуу” сонслоо.

НҮБ-ын  Бизнес ба Хүний эрхийн  ажлын хэсгийн Суръяа Дева “Бизнес эрхлэгчид зарчимтайгаар, ашигтай ажиллах хэрэгтэй”-г онцолсон.  Хэрэв  хүний эрхийг зөрчсөн бол эрхийг нь сэргээх арга хэмжээг заавал авах хэрэгтэй гэсэн шүү. Тухайлбал, зөрчил гаргасан уул уурхайн компани уугуул иргэдийн амьдардаг газар нутагт Усан цахилгаан станц барихад  туслан гүйцэтгэгчээр оролцох гэх мэтээр хувь нэмрээ оруулахыг зөвлөж байна. Компаниуд  ажилтандаа амьжиргаагаа залгуулах хэмжээний цалин хөлс олгох ёстой. Энэ нь ядуурлыг бууруулах, албадан хөдөлмөр болон орчин үеийн боолчлол гэх мэт таагүй асуудлаас зайлсхийхэд нэмэр болох юм.  

Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг. Аль эсвэл иргэний нийгмийн тодотголтой хэдхэн хүний ажил биш болох нь.  “Хүний эрхийг хамгаалах” үүрэг, хариуцлагаас  бизнесийнхэн ч “бултах” аргагүй болж байна.  

2011 онд  НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын  газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих, цаашид хэрэгжүүлэх  талаарх дэлхийн хамгийн нөлөө бүхий суурь зарчим болох “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг батлажээ. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесүүд  хүний эрхийг хүндэтгэх хариуцлага болон зөрчигдсөн эрхийг  сэргээх механизм бий болгох нь уг зарчмын голлох гурван тулгуур юм.

  Уг зарчмуудад тулгуурлан улс орон бүр  өөрийн онцлогт тохирсон “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулж байна.  Монгол Улс ГХЯ-ны манлайлал дор 2018 оноос төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотойгоор 65 хүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ. Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад улс орнууд дунджаар хоёр жил зарцуулдаг гэнэ шүү.  Манайх ч төлөвлөгөө боловсруулах үе шатуудаа амжилттай даван туулж явааг НҮБ-ын “багш” нар онцолж байна лээ. ГХЯ-ны  Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Оюу  “Бизнес ба хүний эрх” сургалтыг  чиглүүлэв.

Сургалтын үеэр нийт бизнес эрхлэгчдэд хамаатай “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г хэрхэн хийх тухай  ч яригдсан юм.  Энэхүү магадлан шинжилгээ нь дээр дурдсан үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг биш ч нэгэнт  үндэсний хөтөлбөр батлагдсан тохиолдолд компаниуд маань “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийлгэж л таарах вий. 

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  Бизнес ба Хүний эрхийн хөтөлбөрийн мэргэжилтэн Шон Лийс  Монгол дахь НҮБ-ын байртай цахимаар холбогдож сургалт хийхдээ монголчуудад яагаад  “Хүний эрхийн магадлан шинжилгээ” чухал болохыг ятгаж байлаа.  “Хүний эрхийн магадлан шинжилгээ дэлхий даяар түгээмэл болж байна” хэмээн яриагаа эхэллээ. Бизнес зөвхөн ашиг хайх процесс биш. Бизнесийн гадаад харилцагчид “Хүний эрхийн зөрчилгүй бүтээгдэхүүн авах шаардлага тавьж байна. Хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэсэн байхыг шаардсан хууль олон улсад мэндэлж байна” гэлээ.   

Тухайлбал, Францад “Сонор сэрэмжийн тухай хууль 2017 онд батлагдсан. Францын компани Монгол дахь ханган нийлүүлэгч компанид нь  хүний эрхийн зөрчил байгаа эсэх талаар мэдээлэл цуглуулна гэсэн үг.  

Хүний эрхийг нягтлан магадлах гэдэг нь бизнесийн байгууллагуудад хамаарч буй хүний эрхийн бодит буюу болзошгүй сөрөг нөлөөг анхаарч шийдвэрлэхийг хэлж байгаа юм. Энэ бүхэн нь хүний эрхийн зөрчлөөс урдчилан сэргийлж,  гадаад түншүүдийн  хүрээнд болон олон нийтэд  нэр хүндээ өсгөх, хуулийн хариуцлага хүлээх  эрсдэлд орохоос хамгаалах юм.  

АНУ, Европын холбоо, Ойрхи Дорнодын компаниудтай хамтарч ажиллахын тулд “Хүний эрхийн магадлан шинжилгээ” хийлгэх  шаардлагатай.  Уг шинжилгээг хийлгэснээр танай компани эрсдлийн удирдлагын системтэй, зарчимтай ашиг олдог, ёс зүйтэй гэдгийг харуулах гэнэ.  

Компаниуд “Хүний эрх зөрчихөөс зайлсхийн, хүний эрхэнд сөрөг нөлөөлөхөд оролцсон бол алдаагаа засдаг байх хэрэгтэй” хэмээн НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах 11-р зарчимд заажээ.

“Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал 46,000 жилийн түүхтэй ариун дагшин газар сүйтгэсний улмаас огцорлоо” гэсэн мэдээг  Шон Лийс дэлгэцэнд харуулав.

Олон нийтийн зүгээс маш их дургүйцэж, хувьцааны үнэлгээ нь ч унажээ.

Рио Тинто “Хүний эрхийн магадлан шинжилгээ”  хийлгэдэг ч бодит ажил хэрэг болгохгүй “хяналтын хуудас” маягаар ашиглаж байсан учраас удирдлага нь багаараа огцорсон гэлээ. 


Хүний эрх хүндэлдэг эсэхээ компани хэрхэн харуулах вэ?  

“Бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалахад Төр оролцох үүрэгтэй гэж “НҮБ-ын бизнес, хүний эрхийн удирдах зарчим”-д заасан байна.

Бизнесийн байгууллага хүний эрхийг дээдлэх үүрэгтэй.    

Хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэх нь төр болон хувийн хэвшлийн хамтын үүрэг хариуцлага мөн хэмээн  уг зарчимд заажээ.

   Бизнесийн харилцааны явцад хүний эрхийн зөрчлийг мөшгих үйл ажиллагаанд  гаднын хөндлөнгийн байгууллага оролцуулах нь чухал. Зөрчил гаргаж байгаа эсэхийг өөрсдөө тодорхойлохоос илүү нөгөө талд байгаа хүмүүс л тодорхой хэлж чадна гэлээ. 

Тухайлбал, Данийн хүний эрхийн институт “Nestle” компанийн Хүний эрхийн магадлан шинжилгээ хийж өгчээ. ЛКЛ олон улсын зөвлөх компани Хятадын хариуцлагатай уул уурхай БИША дахь хүний эрхийн үнэлгээг хийж өгөхдөө хөдөлмөрлөх эрх ба ажлын нөхцөл,  ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдал, уугуул иргэдийн өв соёлд хүндэтгэлтэй хандах, цалин ээлжийн амралт гэх мэт өргөн сэдвийг хамруулсан байх жишээтэй. 

Ялангуяа хүүхдийн хөдөлмөр ашигласан бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид нийлүүлсэн  эсэхэд Европын компаниуд эмзэг ханддаг.

Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээг хуульчлаагүй тохиолдолд өөр ямар хөшүүрэг байж болохыг иргэний нийгмийн төлөөлөгч лавлахад Шон Лийс хариулахдаа “Улс орон бүрийн хууль тогтоомжоос шалтгаална. Английн орчин үеийн боолчлолын эсрэг  хууль (2015), Австралийн орчин үеийн боолчлолын  эсрэг  хууль (2018), Голланд улсын хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг магадлан нягтлах тухай хууль (2019)-даа Хүний эрхийн магадлан шинжилгээ хий гэж заасан байдаг. Тайландад Хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд Хүний эрхийн магадлан шинжилгээг заавал хийлгэсэн байхыг шаарддаг. Ингэж байж  хувьцаагаа нийтэд санал болгох эрхтэй болно. Европын холбооны зүгээс нийтэд нээлттэй компанид санхүүгийн бус магадлан шинжилгээ хийсэн байх шаардлага тавьдаг. Хуулиар хүний эрхийн магадлан шинжилгээ хийхийг албажуулаагүй ч хөрөнгө оруулагч ийм шинжилгээ хийлгэсэн компанид хөрөнгө оруулах дуртай байдаг. Хүний эрхийн  магадлан шинжилгээ сайн хийлгэсэн компаниуд гүйцэтгэх захирлаа халуулах хэмжээнд эрсдэл гаргахгүй шүү дээ” хэмээн хариулсан юм даа.