Билгүүн номч, академич Бямбын Ренчины хүү академич, палеонтологич, геологич Р.Барсболдыг монголчууд сайн мэдэх билээ. Тэрбээр наадмын өмнөх орой буюу энэ сарын 10-нд хүүгийнхээ гэрт эхнэрийнхээ хамт байхдаа бүлэг дээрэмчдийн халдлагад өртсөн байна. 

Тэдгээр дээрэмчид эрдэмтэнд хутга тулган гэрийнх эд зүйлсийг ухаж төнхөж эхэлжээ. Тэд мөнгөн аяга, нөөтбүүк зэрэг зүйлсийг нь авсан байна. Тухайн үед тэд утсаар хэн нэгэнтэй ярилцаж заавар авч байсан талаар өнөөдрийн "Үндэсний шуудан" сонинд дурджээ. 

Тэрбээр энэ явдлын талаар цагдаагийн газарт мэдэгдсэн ч одоог хүртэл мэдүүлэг авахгүй байгаад гомдолтой байгаа аж. Р.Барсболд академич энэ талаар "Би хулгайч нараас айсан гэхээсээ илүү Монголын нийгэм амьдрахад тайван биш болсонд харамсаж байна" хэмээн ярилцлагадаа өгүүлжээ.

Өмнө ч бас тус гэр бүлд хулгай орж байсан ч баригдаж байсан удаагүй гэнэ.

Үлэг гүрвэл судлалаараа Монголын шинжлэх ухаанд төдийгүй дэлхийд данслагдсан тэрбээр 120 сая жилийн тэртээ цаг үед амьдарч байсан өвсөн тэжээлт үлэг гүрвэлийг илрүүлсэн бөгөөд "Чойродон барсболдиа" хэмээн бичигдсэн байдаг билээ