Жил болгон олон залуус аав, ээжийн өврөөс гарч амжаагүй байхдаа жинхэнэ эр хүн болоод ирнэ гэх дэврүүн мөрөөдөлтэйгээр армийн хаалгыг итгэлтэйгээр татдаг.  

Гэхдээ тэдний бодсон шиг сайхан зүйл тэнд байдаггүй нь нэгэнт ил болоод удаж буй. Арми гэдэг цэрэг эрсийг бялдаржуулж, зөв арга техникээр бэлдэх газар байдаг. Гэтэл сүлийн жилүүдэд цэргүүд гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах тохиолдлууд нилээдгүй гарах болсон. Үүниг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг хэдий ч хэдэн өдөр шуугиад намждаг. Энэ байдал бараг уламжлал болон тогтлоо. 

Хэдхэн хоногийн өмнө хүндэт харуулын 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдээ дээрэлхэж, бос суу, дуул, ална шүү гэх дэглэж буй бичлэг сошиал орчинд тарлаа. Энэ бол өнгөцхөн асуудал. Үүний цаана цэрэг эрсийн амь настай холбоотой олон асуудал байгаа. 

Олон аавын хүү харгислал дунд амиа алдсаар 

Жишээ нь 2021 оны 02дугаар сарын долооны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас зүүн хойш 60 км-т Хилийн цэргийн 0129 дүгээр ангид цэргийн алба хаагч амиа хорлож нас барсан.  Тухайн иргэн 21 настай ахлах байлдагч Х.С заставын малын хашааны шургаа модноос мяндсан уяагаар боомилж нас барсан байдаг. Амиа алдахын өмнөхөн  “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн аав ээждээ, ахдаа мессеж илгээж байсан. 

2021 оны 02дугаар сарын 18-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа цэнхэр өнгийн хадгаар боомилон амиа алдсан. 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг гүйж байхдаа багтраад байна, цааш гүйж чадахгүй нь гэхэд тус ангийн ахлагч М зодож гэмтээн, ухаан алдаж унахад нь эмч дуудсан ч аль хэдийн амьсгал хураасан байдаг.

Хилийн цэрэгт алба хаах гээд явсан ах минь согтуу даргадаа шөнөжин дэглүүлж хөл нүцгэн хүйтэн цементэн дээр зогсож хөлөө хайруулснаас болж халуурч бүлээрч улмаар тархины менэнгит болж үхэл амьдралын зааг дээр очин тархины хүнд өвчинтэй хүн болон халагдаж байлаа гэж ярих гомдол тээсэн хүний яриаг ч сонсож байлаа. 

Зодуураас болж чихний хэнгэрэг цоорох, дотоод шүүрлийн эрхтэнүүд гэмтэх, хамрын яс хугарах бол энүүхэнд гэдгийг үеүеийн цэргүүд гэрчилж байгаа. 

Энэ мэт армид амиа алдсан хэргийг бичвэл урт цуваа хөвөрнө. Хэн, хэзээ гаргаж ирсэн яргачлалын тогтолцоо одоо хүртэл явагдаж олон залуусын амиар тоглоом хийнэ вэ?

Харгислал хэзээ дуусах вэ? 

Монгол төрийн Соёмбыг тэргүүндээ залсан Офицер танд шинэ цэргийг сургах тушаал байгаа болохоос биш хүнийг яргалах, хүний аминд хүрэх тушаал өгөөгүй байлтай.  

Шинэ цэргүүдийг сургах нэрийдлээр офицер, хал цэргүүд нь дарамталдаг, зоддог, сүрдүүлдэг гэдгийг цэргийн алба хаагаад ирсэн залуус болгоны амнаас сонсож болно. Үүнийгээ цэргийн амьдрал, эр хүний туулах ёстой зам мэт бодож, бид ч гэсэн энэ замыг туулаад ирсэн гэж  ээлж дараалан бие биенийгээ дарамталж амийг нь хороосоор, заримыг нь хөдөлмөрийн чадваргүй болгож буцаасаар. 

Амиа хорлосон гэх цэргийн хэргийн газарт шалгалт явуулахад амиа хорлосон шалтгаан тогтоогддоггүй мөртлөө бие нь хөх няц болж биеийнхээ олон хэсэгт яргачлалын сорвитой болсон байдаг. Гэтэл түүнийг гадны нөлөөгүй амиа хорлолт гээд хэргийг хаадаг. Ийм л байдал олон жил үргэлжилж байгаа. 

 Амиа хорлолт гэж хуурамч дүгнэлт гаргаж, хүний алтан амийг мөнгөөр худалддаг, "монгол хүний наймаа"-гаа хэзээ зогсоох вэ? Монголын шүүх хэзээ зөв шийдвэр гаргаж, ажлаа үнэнчээр хийх вэ? 

Армид алтан амиа өргөж, тэнгэрт заларсан монгол эрсийн цус хатаж амжаагүй байхад, дараагийнх нь эрчүүд дарамтанд орж байна. Сайд, Хурандаа нараа

Дахин хэдэн цэрэг эр алтан амиа армид өргөж, хэдэн цэрэг тахир дутуу болж, хэдэн ээж үнсээд мордуулсан үрийнхээ хүйтэн цогцсыг нулимсаараа угааж тэвэрсэний дараа энэ яргачлалаа  зогсоох вэ? 

Бид хариуцлага нэхэх эрхтэй

Энэ бол гэнэт гараад ирсэн асуудал биш. Урт хугацаанд эл далд хэлбэрээр явагдсаар ирсэн. Яагаад хэн нэгний амь насыг хохироохоос өмнө шаардлага тавьж, таслан зогсоож болоогүй вэ?  

Монголчууд бүгд энэ асуудлаар үе үеийн Хууль Зүйн Сайд, Батлан Хамгаалах Яамны сайд нараас  хариуцлага нэхэх эрхтэй. 

Нэгхэн сарын өмнө коронавирусийн халдвартай дөнгөж нярайлсан эхийг буруу зөөвөрлсөний улмаас жирийн нэгэн эмчээс эхлүүлэд эрүүл мэндийн сайд, шадар сайд, ерөнхий сайд нь хүртэл ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй адил үндсэн хуулийг зөрчиж, хүний аминд халдсан алба хаагчид, шат дараалсан удирдлагууд, Батлан хамгаалах яамны сайд, Хууль зүйн сайд та бүхэн хариуцлага хүлээнэ үү. 

Арми бол ард түмэн, эх орны бүрэн бүтэн байдлыг хамгаалах ёстой газар байтал дотооддоо асуудал тархааж, олон хүний амиар зугаа хийдэг газар болох вий дээ. лон жилийн туршид гарч буй эдгээр асуудлаас харахад Батлан хамгаалахын салбарт шинэчлэлт хийх цаг болжээ. Бие биенээ дээрэлхэж, биед нь халддаг хуучин цагийн тогтолцоог халж, шинэ цагийн системийн шинэчлэл хийх үе нэгэнт иржээ.

Армид яваад амиа алддаг энэ аймшигт хэргээс болоод  олон залуус цэрэг болно гэсэн мөрөөдлөө орхиж, олон аав ээж нар хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж арга чарга хайж энэ тэрүүгээр гүйж явна. Энэ байдал удаан үргэлжилбэл армид явах залуус байхгүй болж, эх орны алтан хил эзэнгүйдэх өдөр ойрхон байна.