Өнөөдөр олон улсын ойн өдөр. Ойн өдөрт зориулж мод тарих хүсэл эрмэлзэлтэй залуусыг нэгтгэн, 800 гаруй мянган мод тарьсан "Миний клуб”-ийг үүсгэн байгуулагч ШУТИС-ийн багш, доктор Д.Сэрдарам болон "Миний клуб"-ийн гишүүдээс тодруулга авлаа.

Түүний үүсгэн байгуулсан тус клуб Монголын цөлжилтийг бууруулах, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж ажиллан  12 жилийн хугацаанд 800 гаруй мянган мод тарьчихаад байна.

Д.Сэрдарам:  11 жилийн өмнө тарьсан моднууд маань ой болчихсон

-Өнөөдөр ойн өдөр. Хэд орчим мод тарьж ойжуулсан тухайгаа манай уншигчдад сонирхуулаач?

-Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог, Төв аймгийн Аргалант, Булган аймгийн Баяннуур сум, нийслэлийн Багануур дүүрэгт модоо тогтмол тарьдаг ирсэн.

Бас Бэлх, Толгойт зэрэг газарт 10 гаруй талбай бий. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд бидний ажлыг 300-аад байгууллага дэмжиж ажилласан.  Нийт тарьсан модны  80 гаруй хувь нь ургасан. 800 мянга гаруй мод тарьж ургуулаад байна. Гэхдээ энэ тоог нарийн тооцоход амаргүй. Нэг сая мод тарих зорилгодоо хүрэхэд ойртож байна. Залуус маань нэг байтугай сая модыг үргэлжлүүлж тарина гэдэгт итгэдэг.

-Энэхүү ажилд танай клубын хэд орчим оюутан хамрагдсан бэ?

-12 жилийн хугацаанд 500 гаруй оюутан залуус "Миний клуб"-т сайн дураараа нэгдэж мод тарьжээ. Мод тарих хөдөлмөрийн багаж зэвсэг, орчин нөхцөлийг хангах, тарьсан модыг харж хамгаалах ажилд “Ногоон Ази” ТББ тусалдаг. Цөлжилтийг зогсоох зорилготой  энэ байгууллагатай бид хамтын ажиллагаатай. Тэдэнд олон улсын ойн өдөр баярлалаа гэж клубынхээ нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлмээр байна. 

-Тарьсан модоо эргэж очдог уу, нэг удаагийн аяллаар хамгийн дээд тал нь хэдэн мод тарьж байсан бэ?

-2007 онд Булган аймгийн Баяннуур сумын 320 га талбайд  500 мянган мод тарьж байлаа.  Одоо тэнд бүхэл бүтэн ой бий болсон. Баяннуур сумын модны талбайд тарьсан моднууд хэдийн биднээс илүү өндөр ургасан шүү. Сүүдэрт нь суухаар хэмжээнд хүртлээ ургасныг хараад эргэж очсон хүүхдүүд маань баярладаг. Энэ бол Монголд байгаа жишиг ой гэж боддог.  Нутгийн иргэд тэнд тарвас,  чацаргана гээд жимс жимсгэнэ тарьсан байна билээ.  

-Тэр олон оюутнуудыг сайн дурын ажилд хамруулна гэдэг амаргүй. Залуус мод тарьснаар ямар чадвар сууж, суралцдаг бол?

-Хуучин сангийн аж ахуйд оюутнууд ажилладаг байсан. Тэр үед өөрсдөө хоол ундаа хийхээс эхлээд бүхий л хөдөлмөрт суралцдаг байжээ. Тэр хэрээрээ залуус бие биенээ дэмжиж, хамтач нийтэч, хөдөлмөрч зан чанартай болсон гэж боддог. Сайн дураараа ажиллаж байгаа оюутнууд маань ч бас ийм л сайн зан чанарыг өвлөөсэй гэж хүсдэг. Залуусыгаа бие хүн, Монгол улсын бие даасан иргэн болж төлөвшихөд нь “Миний клуб” том хөрөнгө оруулалт болсон гэж боддог. Сонирхуулахад клубээс 30 гаруй хос төрж, үр хүүхэдтэй болсон. Одоо би энэ клубээ залуу багш нартаа хүлээлгэн өгмөөр байна. Энэ ажлыг хийхэд их сургуулийн багш нар илүү үр дүнтэй ажиллана гэдэгт итгэдэг.

 

“Миний клуб”-ын гишүүн, маркетингийн менежер А.Амармэнд:

2010 онд ШУТИС-д ороод “Миний клуб”-т элссэн. Бид цөлжилт гэж ярьсаар байгаад дасал болчихож. Мод тарина гэдэг минийхээр нүх ухаж бэлтгэхээс эхлээд модоо бие дааж ургатал нь арчилж тордож сэтгэл гаргах ухаан юм. Манай клубын залуус жил бүрийн 4 дүгээр сарын сүүлээс 5 дугаар сарын эх, намар 9 дүгээр сарын сүүлээс 10 дугаар сарын эхээр бямба гараг бүрт модоо тарьдаг. Ингээд ажил дуусахгүй. 5-9 сар хүртэл сар бүр усалж, арчилдаг. Д.Сэрдарам багш маань бидэнд клубын үйл ажиллагаараа дамжуулан амьдралын хандлага, төлөвшил гээд олон чухал зүйлийг заасан. Манай клубын залуус мод тарихаас гадна урлагийн боловсрол олж авахыг хичээдэг. Тиймээс бид хамтдаа тоглолт үзэж, урлаг соёлын үйл ажиллагаанд оролцох дуртай. Мөн зуслангийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох ажилд сайн дураараа оролцдог. Бид Чингисийн монгол, Монгол ялна гэж ярьж, омогшдог. Тэгвэл түүний цаана яг юу хийж, юуг ялах гээд байгаа юм бэ гэдгээ ухамсарлан бодож, түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй юм болов уу. Та ганц удаа ч болтугай мод тарих ажилд оролцож, хамтаараа ажиллаад үзээрэй. Ингэснээрээ нөгөө яриад, хайрлаж хамгаална гээд байгаа байгаль эх орноо хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэсэн үг юм. Яг дотор нь ороод залуустайгаа мод тариад багаар ажиллаад ирэхээр байгальд чин сэтгэлээсээ хайртай болдог. Нэг удаа найзууд маань Богд уулнаас шуудай дүүрэн түүхий самар түүгээд ирсэн юм. Идэж чадахгүй байж, болоогүй үед самар түүчихдэг, та нар арай ч дээ гээд би уйлчихсан. Хайран ойг сүйтгэчихсэн юм шиг мэдрэмж төрсөн дөө.


“Миний клуб”-ын гишүүн, “Unread” сэтгүүлч Г.Оюунлхам:

2011 онд клубтээ элссэн. Нэг үеэ бодвол мод тарих хүн ч олон болжээ.  Гэтэл нүх ухах, мод услах ажилд хүн хүч дутдаг. Нүхээ ухаад бэлдчихсэн газарт өдөрт нэг хүн дунджаар 50 мод тарьдаг юм. Мэдээж бидэнд мэргэжлийн хүмүүс зөвлөж, мод тарихад тусалдаг. Мөн олон жил мод тарьсан найз нөхдүүд, клубын ах эгч нар, бид нар ч  гэсэн туршлагажиж байна. Бид мод тарих ажлынхаа хажуугаар бие биенээ таниж, тусалж, ойлгож хамтарч чаддаг болж өөрчлөгддөг хамгийн сайхан. Надад зугаа цэнгэлээс илүү ажил хийж, нөхөрлөсөн нөхөрлөл урт удаан үргэлжилдэг юм шиг санагддаг.

“Миний клуб”-ын гишүүн, чөлөөт уран бүтээлч Э.Мөнх-Алдар:

2017 онд 11 дүгээр ангийн сурагч байхдаа “Миний клуб”-ын гишүүн болсон.  Эхлээд мод тарихаар яваад зөндөө нүх ухсан. Тухайн үед хүнд, хэцүү ажил шиг санагдсан. Дараа нь ухсан нүхэндээ модоо суулгачихаад бүгдээрээ мод тарилаа гэж хөөрөөд, бие биетэйгээ сайхан танилцсан юм. Тэгээд 7 хоног бүр клубынхээ ажилд хамрагддаг болсон.  Өөрөө ажил хийж үзэхээр, түүнийхээ үр шимийг үзэх гэж зүтгэхээр багахан ажилд ч хөдөлмөр ордог гэдгийг ойлгож  мэдэрдэг болдог. Энэ клубт орж, мод тарьж, хөдөө явдаг болсноос хойш би хувь хүний хувьд хөгжиж, өөрчлөгдсөн.  Хогоо сав руу нь хийчих юм сан, зүлэг гишгэж, мод бут хугалчихгүй юм сан гэж боддог.  Бас хотын гудамжинд ургасан мод бутыг  арай өөрөөр хардаг болдог юм билээ. Гундсан мод харахаар сэтгэл нэг сонин болчихдог.