Нэр бүхий шүүгч нарын бичлэгтэй холбоотой асуудлаар зарим иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлэхээр өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж байна.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар  “PARKVIEW” хотхоны 752 дугаар байрны дугаар тоотод цуглаж, энэ үедээ согтуурсан байж болзошгүй бичлэг нь нийгмийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлыг татаад буй.

Жагсагчид "Шүүгчдийн уг ёс зүйгүй үйлдэлд хэн ч тайлбар өгөөгүй, хэн ч хариуцлага ярихгүй байна. Иймд тайлбар шаардан жагсаж байна. Мөн АТГ-ын ажилчид, ЕТГ-тай ойр ажилладаг хүмүүс уулзсан нь хэрэг шийдвэрлэдэг ямар нэг хонгил байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна" хэмээлээ.