ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн нь “Бичил биетний нөөцийг хамгаалах ба зохистой ашиглах” Азийн консорциумыг байгуулагдсан цагаас нь гишүүнээр элссэн билээ. 

Өнөөдөр тус хүрээлэн уг консорциумын 15-р хуралдааныг эх орондоо зохион байгуулж байна.

Тус хүрээлэнгийн Микробиологийн лабораториос санаачлан Микробиологийн сектор байгуулагдсаны 45 жилийн ойд зориулан “Бичил биетний олон янз байдлын судалгаа, хамгаалалт ба зохистой ашиглалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. 

Эдгээр хуралдаанд Австрали, БНХАУ, Их Британи, Индонези, Малайзи, Монгол, ОХУ, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань, Филиппин ба Япон зэрэг 12 орны 20 гаруй байгууллагын 80 орчим эрдэмтэн судлаачид оролцохоор иржээ. Эрдэмтэд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бичил биетний ач холбогдол, Нагойя протоколтой холбоотой бичил биетний генетик нөөцийн ашиглалт, бичил биетний сангуудын үүрэг, хэтийн төлөвөөс гадна тус хуралд оролцож буй орнуудын экосистем дэх бичил биетний олон янз байдал, тэдгээрийн ашигт шинж чанарын судалгааны үр дүн, ба ашиглалт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, туршлага, санал бодлоо солилцох аж.

Бичил биетнүүд биологийн олон янз, генетик нөөцийн маш том, чухал хэсгийг эзэлдэг төдийгүй биотехнологийн тулгуур болдог.

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Микробиологийн лаборатори ба Микробын нийлэгжлийн лабораторийн үе үеийн эрдэмтэн судлаачид Монгол орны янз бүрийн экосистем дэх бичил биетний олон янз байдал, генетик нөөцийн судалгааг фенотип болон генотипийн түвшинд хийж гүйцэтгэн өвөрмөц шинж чанартай болохыг тогтоосон. Одоогийн байдлаар 8000 гаруй өсгөвөр бүхий монгол орны бичил биетний өсгөврийн санг бүрдүүлж, бичил биетний 380 төрлийг олж тогтоон, үүний дотор шинжлэх ухаанд шинэ 1 төрөл, 8 зүйлийг олон улсад хэвлэн нийтлүүлсэн байна. Ийнхүү шинжлэх ухааны шинэ мэдлэгийг буй болгохын сацуу 20 гаруй шинэ бүтээлийн эрх хамгаалж, 40 оновчтой санал, стандарт, технологи боловсруулж үйлдвэрт нэвтрүүлсэн үр дүн, амжилтаар Микробиологийн сектор байгуулагдсны 45 жилийн ойг угтаж байна.


Эх сурвалж: Шинжлэх ухааны академи