Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7, 8-ны өдөр Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан . Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

- Сайншанд-Алтанширээ-Хөөт чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Урт хотоор дайруулах асуудлыг судалж шийдвэрлэх

-  Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх

- Дотоодын эх үүсвэрийн нөөцтэй болтол “Бичигт” хилийн боомтын цахилгаан хангамжийг БНХАУ-аас хангах талаар судалж шийдвэрлэх

- Үйлдвэрлэлийн болон өрөмдлөгөөс үүсч байгаа газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис агуулсан шингэн хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, аргачлалаар устгах, саармагжуулах

-  Хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгах

- Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг хугацаанд нь чанартай хийлгэн ашиглалтад оруулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн “Бичигт” хилийн боомтын газар эзэмшил, хилийн боомт байрлаж байгаа нутаг дэвсгэрт засаг, захиргааны нэгж /баг/ байгуулахыг судалж шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт даалгалаа.