Нэрээ нууцласан 25 настай бүсгүйн захидлаас...

“Би аавыгаа мэдэхгүй. Аав ээж минь намайг багад салж, хоёр тийшээ болцгоосон. Ээж намайг аавтай уулзуулах битгий хэл түүний тухай дурсахыг ч хүсдэггүй. Амьд мэнд л гэж ээжийн ярианаас сонссон төдий. Хайраар дутаахгүй гэсэндээ хамаг бүхнээ зориулж өсгөсөн ээждээ талархдаг ч сэтгэлийнхээ гүнд би аавын орон зайг өгүүлдэг. Аавын үнэрийг, аавын хайрыг, аавын тэврэлт гэдгийг амсаагүй. Ээжийгээ зовоохгүй, сэтгэлийн шархыг нь хөндөхгүй гэсэндээ аавынхаа тухай асууж зүрхлээгүй.  “Аав” гэдэг үгийг санасан сэтгэлтэйгээ зүрхнийхээ гүнд хав дарчихсан. Аав хүн гэртээ орж ирэхийн сайхныг, аавын хийсэн хоол ямар амттайг, ямар үүрэгтэйг нь би мэдэхгүй. Ээж аав хоёр нэгнээ өвдөхөд яаж асардагийг, нэгнээ хараад инээмсэглэхийг, халуун хоол цайг нь зэхээд хүлээхийг,  аавыг бүтэлгүйтэхэд ээж яаж зоригжуулдагийг би хараагүй.  Хараагүй, мэдэхгүй, мэдрэхгүй бүхэн маань салалтаас авсан шарх болж үлджээ. Амьдралд нэг хүний орон зай, нэг л хүний хайраар ингэтлээ дутаж, үгүйлж явна гэж огт төсөөлж байсангүй. Яг миний мэдэрч байгааг, зүрхэндээ надтай ижил том орон зай хайрыг үгүйлж байгаа олон мянган зүрх хаа нэгтээ гуниглаж гэж бодохоор сайхан амьдрахад олон зүйл хэрэггүй мэт. Тиймээ, би бол бүтэн амьдрал, бүрэн хайраар дутаж өссөн дутуугийн комплекс.  Магадгүй нэг өдөр аавынхаа хүүхэдтэй суучих вий гэж айдаг. Учир нь би тэднийг танихгүй. 


Яг ийм асуудалтай тулгарсан, ирээдүйд тулгарах олон мянган хүүхэд, залуус бий. 

Нэгнээ таньж амжилгүй гэрлэсэн, гэр бүл төлөвлөлтийн талаар бодож ч амжаагүй байхад хүүхэдтэй болсны хор уршгаар нийгэмд эцэг эхийн хайраар дутаж, өөрсдөө ч мэдэлгүй дутуугийн комплекст өртөж яваа олон мянган "монголын ирээдүй" өсөж байна. 

Жилд 3000-аас дээш тооны гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хоёр жилийн өмнө гэхэд 4.262 хосууд гэрлэлтээ цуцлуулсан статистик байна. Энэ нь нийт гэрлэлтийн 20 хувь буюу таван гэрлэлт тутмын нэг нь бүтэлгүйтдэг гэсэн үг.

Эдгээр гэр бүлийг дунджаар 1-2 хүүхэдтэй гэж үзвэл жилд ойролцоогоор 10 мянган хүүхэд өнчирч үлддэг. 

Нэгэн цагт хайрлаж явсан ч нэгнээ үзэн ядаж дуусах дээрээ тулсан хамтын амьдрал нурахад архидалт, араар тавилт, санхүүгийн байдал, хүчирхийлэл зэрэг хүчин зүйлс хамгийн их нөлөөлдгийг гэр бүл судлаач, сэтгэл зүйчид онцолж байна.

Салалтаар хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа үүрд умартдаг. Гэр бүл салсан бол дахиж уулзахгүй, хүүхдээ ч уулзуулахгүй гэх хатуу үзэл баримталдаг хүмүүсийн хандлага олон зүйлийн уршиг дагуулж, түүний хохирлыг хүүхэд үүрч явна. Хайр сэтгэл хөрч дуусгавар болж болох ч таны эцэг эх байх, хүүхдээ асран халамжлах, хайраар дутаахгүй өсгөх гэсэн үндсэн үүрэг алга болохгүй гэдгийг санах хэрэгтэй. 


Салалтаар үүрэг хариуцлага дуусдаггүй


Олон улсын жишгээс харахад гэр бүл цуцлаад тус тусдаа амьдрал зохиосон ч эцэг эхийн үүргээ хэзээ ч умартдаггүй. Долоо хоногт хэдэн цаг уулзах ёстой, хэдэн өдөр нь ээжтэйгээ, эсвэл аавтайгаа хамт байх ёстой гэх мэт зохицуулалт хийгддэг. 

Харин манай улсад гэр бүл салсан бол дахиж уулзахгүй, хүүхдээ ч уулзуулахгүй харилцаагаа бүр мөсөн таслах хандлага олон байдаг. Үүний үр дүнд хүүхэд ээж, аавынхаа аль нэгийг мэдэхгүй дутуугийн комплекстой, ураг төрлөө танихгүй өсөж байна. 

Учир нь хүмүүс салсныхаа дараа тус тусдаа гэр бүл зохиогоод үр хүүхэдтэй болно. Гэтэл таны хүүхдүүд том болоод хоорондоо учирвал яах вэ? Тэд бие биенээ мэдэхгүйн улмаас гэр бүл болбол яах вэ? Энэ нь нийгэмд цус ойртолт гэх маш том эрсдэлийг дагуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын бүх аймаг, суманд цус ойртолт явагдаж, чимээгүй тахал шиг тархсаар байгаа талаар судлаачид ярьсаар байгаа. Шинээр төрж буй нярайн тархи нь устсан, цагаан, улаан хоолой нийлсэн, өтгөний сүв нь битүү төрөх зэрэг нь цус ойртолтын илрэл гэдгийг Хүн судлаач Ж. Батсуурь хэлсэн байдаг. Мөн сургуулийн насны хүүхдүүд юм ойлгохгүй байх, ой тогтоолт удаашрах зэрэг байдал ажиглагдаж байгаа нь мөн цус ойртолтой холбоотой аж. 


Салалтын хор уршиг хүүхдэд яаж нөлөөлдөг вэ? 

Эцэг эхээс “өвлөгдөх шарх”

Хайр салалтаар дуусдаггүй. Үр хүүхэд насан туршдаа сэтгэлдээ үл эдгэх шархтай үлддэг.

Араар тавилтын улмаас салсан гэр бүлд өссөн хүүхдүүдийн 80 хувь нь хүнд итгэх итгэлээ алддаг байна. Тэд худал хуурмаг амьдралыг үзэн ядаж өсдөг ч нас биед хүрч, амьдрал зохиосон хойноо эцэг эхийнхээ алдааг давтдаг гэсэн судалгаа бий.

Өөрөөр хэлбэл, хүүхэд эцэг эхээсээ үлгэр дуурайлал авч, сайн муу аль алиныг нь дуурайдаг гэдгийг харуулж буй энгийн жишээ. Хэдийгээр буруу байсан ч тэрхүү үг, үйлдлийг хүлээн зөвшөөрдөг жам аж. 

Салалтын хамгийн гол хохирогч нь хүүхэд. Эцэг эхийн таагүй харилцааг хүүхэд "надаас л болоод…” гэж өөрийгөө буруутгаж, зүрхэндээ хүлээн авч шархалдаг. 

Энэ нь цаашлаад хүүхдийг хаягдах, ганцаардах, салахаас айх, өөрийгөө тусгаарлах, нас биед хүрсэн хойноо хайртай хүндээ итгэж чаддаггүй хэт өмчирхөх, хардах сэтгэлгээтэй болгох, эсрэг хүйстэнтэйгээ хэрхэн харилцахаа мэддэггүй, хэрцгий нэгэн болж өсөх, улмаар хайртай хүнээ хорьж цагдах, хүчирхийлэл үйлдэх гэх зэрэг насан туршийн эдгэшгүй сэтгэлзүйн эмгэгтэй болдог. 


Салалтын дараа хүүхдийн сэтгэл зүй хэрхэн гэмтдэг вэ?


Эцэг, эх нь салсан хүүхдийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог гэсэн судалгаа бий. Харамсалтай...

Хүний сэтгэл зүйд хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, халамжлуулах гэх зэрэг суурь хэрэгцээ байдаг. Энэ суурь хэрэгцээнүүд нь хангагдахгүй байхаар тэр хэрэгцэээгээ ямар нэгэн байдлаар нөхөж авахыг хичээдэг. Жишээ нь, эхийн /эцгийн/ хайр халамж дутвал тэр хайр энэрлийг өөртөө мэдрэхийн тулд ямар нэгэн байдлаар бусдын анхаарлыг татахыг хичээж эхэлдэг. Ингээд хүүхдийн ааш эвдрэх, муу зүйл хийж анхаарлыг өөр дээрээ авах, цаашлаад худлаа хэлэх, хулгай хийх зэргээр нас биед хүрэх тусам илүү гэмт хэргийн шинжтэй асуудлууд бий болдог гэдгийг сэтгэлзүйн судлаачид тогтоосон. 

Гэрлэлт гэдэг бол бидний багадаа “айл гэрдэж” тоглодог байсан тоглоом биш, өндөр хариуцлага, төлөвлөлт юм. 

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гал шиг дүрэлзсэн хайр хөрч, учирсан сэтгэл хагацаж болно. Хайр сэтгэл нь хөрч, холбосон амьдралаа салгасан ч та дахин хэн нэгнийг хайрлаж, хайрлуулснаар зүрх чинь бүтэн болж чадна. Харин хүүхэд бол зөвхөн аав, ээжийн өгч чадах тэр хайрыг насан туршдаа өөр хэнээс ч мэдэрч чадахгүй, сэтгэлийн гүн хямралд амьдардаг. 

Тиймээс гэр бүл салсан ч аав, ээжүүд хүүхдийнхээ өмнө хүлээх ёстой хариуцлагаасаа салж болохгүй. Дээр дурдсанчилан тогтмол хугацаанд ээлжлэн хүүхэдтэйгээ уулзаж, "аав нь, ээж нь байгаа шүү, чамд хайртай шүү, хамаатан садан, төрлүүд чинь ийм хүмүүс байдаг шүү" гэдгийг багаас нь ойлгуулах шаардлагатай. Үүнд хүн тус бүрийн үүрэг, хандлагаас гадна төрийн зохион байгуулалт хэрэгтэй.