УДЭТ-ын уран бүтээлчид Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны "Би эндээс явахгүй" уянгын драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын өчигдөр өнөөдөр дахин тайзнаа толилуулж байна.

Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, туслах найруулагчаар О.Итгэл нар ажилласан бол гол дүр Дорлигт СТА О.Гэрэлсүх, Дулмаад Б.Одгэрэл, Сэржмаад Ц.Аззаяа нар тус тус тогложээ.

Энэхүү жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах юм.
Тасалбар нь 10, 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын билетийн касс, WWW.TICKET.MN, үнэгүй хүргэлт 1900-1800 худалдаалж байна.

Дашрамд дурдахад, эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг