AMATTИ-энэ нууцлаг, оньсого шиг учир битүүлэг үгний цаана юу нуугдаж байгаа бол өөрийн эрхгүй сонирхол төрж билээ. "Зогсолтгүй уншаад л суумаар шүлэг. Үнэхээр шинэлэг, загвар хэв маягт автаагүй, үнэн үгс л ийм сэтгэгдэл төрүүлсэн хэрэг." хэмээн зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өмнөх үгэндээ дурджээ. Би шүлэг, яруу найраг төдийлөн шимтэн уншдаггүй ч харин яруу найрагч Ц.Гэгээнхүсэлийн АМАТТИ-намайг өөрийнхөө ховсонд бүрэн оруулж чадсан нь гайхалтай хэрэг байлаа. Яруу найраг гэдэг оюун санаа, сэрэл мэдрэмжийн урлаг гэдгийг сэтгэлд тултал мэдрүүлнэ гэдэг юутай гайхамшиг вэ!

 "Шүлэг бичих маш амархан. Үгээ л зөв сонгох  хэрэгтэй. Яруу найраг бол хэцүү, өндөр дээд мэдрэмж, авьяас, сэтгэлгээ шаардана"  гэж нэгэнтээ бичиж байсан санагдана. Өөрийгөө яруу найрагч гэж цоллоогүй ч чухам л яруу найрагт байх тэр эрхэм дээд оршихуйг шүлгээрээ илэрхийлж байгаа авьяаслаг бүсгүйн уран бүтээлтэй танилцсандаа үнэхээр баяртай байна. Өөрийнхөө дотоод сэтгэлийн дуу хоолойг шүлгэн монолог хэлбэрээр дамжуулахдаа ертөнцийг үзэх үзэл, амьдралын философио таны өмнө дэлгэн тавьж, огт өөр өнцгөөс амьдралын нүцгэн үнэнийг дүрслэн үзүүлж байгаа нь цоо шинэ өнгө аяс, шинэ урсгал чиглэл гэж гарч ирлээ гэж бодоход хүргэлээ.

Зүйрлэл, адилтгал, дүрслэлүүд нь урд өмнөхийг  давтаагүй өвөрмөц содон, ямар нэгэн хэлбэр хөөгөөгүй хэв маягт автаагүй яг л өөрийнхөөрөө чөлөөтэй байгаа нь шимтэн уншихын бас нэг шалтгаан юм. Яруу найргийн  хүүрнэл ч гэмээр юм уу нэг тийм шинэлэг хэлбэрээр өөрийн сэрэл мэдрэмжийг дамжуулж буй бүсгүйн шүлгийн мөрүүдийг ихэд анхааралтай уншиж үзвэл ер бусын бидний мэдэхгүй тийм ертөнцөд оччихсон мэт хачин этгээд сэтгэгдэл төрнө. Ялангуяа төгөлдөр хуурын аяз эгшиглэж, жүжигчин бүсгүй намуун хоолойгоор шүлгүүдий нь уншиж буйг сонсох тэр мөчид од гарагийн дундуур аялж яваа ч юм шиг, ондоо ертөнц дээр амьдарч байгаа юм шиг сэрэлд автана.

 "Зөн совин бол урлаг, уран зохиолыг бүтээгч далд хүч. Зөн совингийн оролцоогүйгээр бүтээгдсэн гайхамшигт сод бүтээл гэж байдаггүй" хэмээн Дарма.Батбаяр урлаг, уран зохиолын далд мөн чанарыг гайхалтай тодорхойлсон байдаг. АМАТТИ-бол зөн совин, уран бүтээлчийн дотоод шаналал, эмзэглэлээс төрөн гарсан тийм л бүтээл юм даа гэсэн бодол төрсөн юм. "Үүлс хөвөхийг ажин суухад өөр ертөнцийн салхи сэвэлзэнэ" гэж бичсэн бүсгүй бидэнд шүлгээрээ өөр ертөнцийг танилцуулж байна. Өөр ертөнц гэдэг маань ямар нэгэн харь гариг биш хүний дотоод сэтгэлийн далд  ертөнц юм.

 Уянга, ухаарал хосолсон түүний шүлгүүдээс мэдрэмжтэй, авьяастай хүн л бичиж чадах тийм сэтгэлд хүрсэн үнэн амтагдана. Өнгөгүй амьдралыг өөрийн дуртай өнгөөр будах хүсэлтэй яваа,  навчис цурхиран уйлахыг мэдэрч байгаа тэр бүсгүйгээс  яруу найргийн өндөр дээд сэтгэлгээ харагдаж байна. "Авьяас бол эмзэглэл" гэж суут зохиолч Д.Намдаг гуайн онч үг бий. Чухамдаа л авьяастай хүний эмзэглэлээс сэтгэлгээний уран бүтээлүүд  төрөн гардаг бололтой. Огт таньж мэдэхгүй, нэрий нь ч сонсоогүй бүсгүйн номыг уншиж үзээд ийм сэтгэгдэл төрсөн юм. 

 Яруу найргийн талаар мэдлэг хомс болохоор шүүмжлэн хэлэх юм  үнэндээ алга даа. Чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл болсон түүний шүлгүүд надад их л таалагдлаа. Нэг тийм үгээр хэлэхийн аргагүй сонин гунигт мэдрэмж төрсөн юм.  Яагаад гэж үү? Ямар нэг загвараас ангид, чөлөөт хэмнэлтэй, зүйрлэл дүрслэл нь өвөрмөц, хамгийн гол нь өөр ертөнцөд байгаа  мэт сэрэл мэдрэмжинд автуулаад байгаа юм. Шүлгүүд нь оноосон нэр үгүй. Аливаа зүйлд нэр онооно гэдэг хэлбэр төдий бас л хайрцаглаж байгаа хэрэг. Тэр нэрийг уншаад л тэр шүлэг юуны тухай вэ гэдгийг гадарлачихна. Тэр дагуугаа л уншина. Харин оноосон нэр үгүй үед уншигч өөрөө л мэдэрч, өөрийнхөөрөө л хүлээж авна. Соц.реализмыг уншиж өссөн  хэдий ч чөлөөт сэтгэлгээний бүтээл миний сонирхолыг их татдаг. Тийм болохоор л АМАТТИ-г онцолж буй хэрэг.

 Эхнээсээ дуустал, ер нь бүх шүлгүүд нь гүн ухаан, далд ертөнц, буддизмын үзэл санаа нэвт шингэсэн гэмээр зүйл анзаарагдсан юм.  Номоо уншиж дуусаад энэ нууцлаг, учир битүүлэг үгний нууцыг олох гэсний шаардлаггүй гэдгээ ойлгосон. Шинэ сэтгэлгээ, шинэ ертөнцийг мэдрэх хүсэлтэй байгаа бол та ч гэсэн авч уншаарай. Номы нь хос CD дагалддаг юм байна.
"Би бол цор ганц оршихуй" энэ бол уран бүтээлчийн үнэ цэн, тунхаглал!