Шинэ төрлийн коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхлээд байгаа билээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийж энэхүү үйл явдал эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг:

"Харин энэ жилийн тухайд шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор хилийн хориг тавьсан. Энэ сарын 15-наас хойш нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг бид авна. Экспортын хувьд нөлөөлж болох зүйлс байна.  Угаасаа эхний улиралд нүүрсний үнэ буурах төлөвтэй байсан. Энэхүү таамаг дээр вирусийн нөлөө нэмэгдэж үнэ бүр ч унах төлөвтэй болчихлоо. Гуравдугаар сарын 2-ноос хойш хэрэв энэ нөхцөл байдал үргэлжилбэл компанийн ашиг орлого, эдийн засгийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлнө. Бид тогтвортой барихын тулд экспортын бодлоготойгоо уялдуулаад үнийн бодлогоо зөв бариад явж байгаа учраас одоохондоо ЭТТ болон түүний хамаарал бүхий компанид орлогын алдагдал харьцангуй бага байна. Энэхүү нөхцөл гуравдугаар сараас цааш үргэлжилбэл эдийн засагт болоод компанид сөргөөр нөлөөлнө. 2020 онд улсын төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Манай тээврийн компаниудын 60 хувь нь уртын тээвэр, 40 хувь нь богины тээвэр хийдэг. Бүгдийг нь сул зогсоохгүй байхад анхаарч байна" гэлээ.