“Өргөө” амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Ганбаяраас умайн гадуурх жирэмслэлтийн шалтгааныг  тодрууллаа. 

-Бэлгийн замын халдварт өвчнөөс болж умайн гадуурх жирэмслэлт их тохиолдож байна гэж үнэн үү?

-Арван эмэгтэй тутмын долоо, найм нь үрэвсэлт өвчтэй байна. Шинж тэмдэг нь мэдэгдэхгүй явдаг хламид өвчин их байна. Сүүлийн үед тэмбүү, заг хүйтэн өндөр тархацтай байгаа нь өсөлтгүй жирэмслэлт, умайн гадуурх жирэмслэлтэнд нөлөөлөөд эхэллээ.

-Өсөлтгүй жирэмслэлт, умайн гадуурх жирэмслэлт зөвхөн ийм  өвчнөөс шалтгаалдаг уу?

-Өсөлтгүй жирэмслэлтийг бусад оронд 100 хувь халдвар гэж үздэг. Бэлгийн замын халдварын хувьд хламид, тэмбүү, заг хүйтэн өвчнүүд нөлөөлдөг. Бэлгийн замын халдварт өвчнөөс гадна вирусийн,мөөгөнцөрийн гэх мэт олон шалтгаантай. Вирус гэдэгт энгийн ханиадны вирусийг ч орно.  Тэгэхэээр бүсгүйчүүд тодорхой  давтамжтайгаар эмчид хандаж байх хэрэгтэй. 

-Өсөлтгүй жирэмслэлт болон савны гадуурх жирэслэлтээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Эмэгтэй хүн бэлгийн хавьталд орсон л бол заавал гурван сар тутамд шинжилгээ өгөх хэрэгтэй. РСR гээд шинжилгээ байдаг. Энэ нь бэлгийн замын 10-12 эмгэг үүсгэгчийг илрүүлдэг шинжилгээ. Энэ шинжилгээг өгч, шинжилгээний хариунаас шалтгаалан  цогцэмчилгээ хийдэг. Багадаа 3-6 сарын хугацаанд жирэмсэн болохдоо бэлдэх ёстой. Жирэмслэхэд наад зах нь  шүд, хоол боловсруулах эрхтэн эрүүл байх ёстой. 

-Эмчилгээ хийлгэлэсэн ч сэдэрлээ гэдэг. Яагаад сэдэрдэг юм бол?

-Нэг удаагийн антибиотикийн эмчилгээ хийгээд үрэвсэлт өвчин  эдгэдэггүй. Эмчилгээг үр дүнтэй болгохын тулд сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэх хэрэгтэй.Учир нь антибиотик сарын тэмдэг ирсэн үед бага аарцагны хөндий рүү орж үйлчлэл нь илүү өндөр болдог юм. Дараагийн сарын тэмдэг ирсэн үед мөн 5-7 хоног эмчилгээгээ үргэлжлүүлнэ. Энэ мэтчилэн 3-4 удаа хийж байж  үрэвсэл  бүрэндарагдаж төгс эмчилгээ болно. 

-Үрэвсэлтэй болчихлоо гэхэд ямар зовиур илрэх вэ?

-Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доогуур өвддөг. Бөгс рүү тулж өвдөх, халуурах гээд зовиур илэрсэн үед заавал үзүүлэх хэрэгтэй. Мөн ялгадас илүү үнэртэй, өнгө нь өөрчлөгдсөн байвал заавал эмчид хандах хэрэгтэй. Монгол эрс тэс уур амьсгалтай учраас өвөлдөө хөрсөн дээр -40 зундаа +40 хүрдэг.  Ийм нөхцөлд дархлаа сулардаг.  Дархлаа суларснаас шалтгаалан өвчин ихэсдэг.Манай эмэгтэйчүүдэд бага аарцагны идээт үрэвсэл их байдаг.  Бусад оронд маш ховор. Дархлаа суларснаас  үүсдэг өвчин л дөө.  Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний хамгийн хүнд нь. Хэрвээ идээ нь буглаад эхэлбэл  өндгөвч, умай үрэвсэж, наалдац үүсэх гээд олон хүндрэл гардаг.