Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, зөв хэрэглэх тухай сэдвээр МУСГЗ, сэтгүүлзүйн ухааны доктор Б.Галааридтай ярилцлаа.

-Аливаа үндэстний оршин тогтнох дархлаа нь хэл соёлдоо байдаг гэж үздэг. Дэлхий даяарчлагдаж буй өнөө үед эх хэл маань даган хувьсаж байна. Бид эх хэлээ хэрхэн хамгаалж, авч үлдэх вэ?

-Төрөлх хэл гэдэг тухайн улс, ард түмний язгуур мөн чанарыг нь хадгалдаг үндсэн дархлаа мөн. Улсын хил, тусгаар тогтнолоо ямар аргаар хамгаалах нь дипломат ёсны асуудал. Харин эх хэлээ хамгаалах, эх хэлээрээ зөв ярьж бичих нь иргэн болгоны асуудал. Бид өөрийн гэсэн үндэсний бичиг соёлтой байсан учраас төрөлх хэл маань эртнээс тогтвортой, удаан хугацаанд өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Түүхэндээ Монголчууд хамгийн олон бичиг үсэг хэрэглэсэн ард түмний нэг. Арав гаруй бичиг үсэг хэрэглэж байсан. Тэр болгонд хэлний дархлаа хадгалагдаж явсан гэсэн үг.

Мэдээж хэл өөрөө амьд үйл явц, өөрчлөгдөж хувирдаг, цагийн аясаар харилцан бие биендээ нөлөөлдөг, уусдаг. Бусад хэлнээс шинэ үг орж ирэх, манай үг бусад улсын хэлэнд орох гэхчлэн байнгын амьд солилцоо явагдана.

Монголчууд тухайн цагтаа дэлхийн хэмжээний бодлого явуулж байсан үндэстэн гэдэг утгаараа маш олон хэлэнд нөлөөлсөн. Зөрөөд монгол хэлэнд олон улс орны харь үгс орж ирэн монгол үг болтлоо нутагшсан явдал бий. Хорьдугаар зуунд орос хэлээр дамжин олон үг орж ирсэн.Хориннэгдүгээр зуунд англи хэлээр дамжин орж ирж байна. Энэ бол зайлшгүй үзэгдэл. Төрөлх хэлээ хэрхэн хамгаалах, гаднаас орж ирж байгаа үг, ойлголтыг яаж эх хэлэндээ утгыг нь алдагдуулахгүйгээр хөрвүүлэн буулгах вэ гэдэг чухал. 

Ер нь хэлний бодлогод хоёр хүчин зүйл нөлөөлж байна.

Дэлхий хавтгайрсан учраас асар олон шинэ ойлголт, ялангуяа техник технологи дагасан шинэ нэр томъёонууд их нэвтэрч байна Тэр болгон монголчлох боломжгүй үгсийг нутагшуулан хэрэглэж байгаа. Дээрээс нь хүмүүс чамирхал хэлбэрээр гадаад үгсийг их хэрэглэж байна.Социализмын үед орос үгийг яриандаа их хэрэглэдэг байсан бол одоо англи үгс орыг нь залгаж байна. Технологио дагаад уламжлалт бичгийн сонгодог хэлээс гадна фэйсбүүкийн, твиттерийн гэх мэт цахим хэл бас зэрэгцээд бий болчихлоо. Энэ бол өөрөө их сөрөг үр дагавартай. Монгол үгийг янз янзаар бичиж, нийлүүлж, товчилж, гадаад үгүүдийг их хэрэглэх боллоо. Эндээс үүдээд монгол хэлэнд гажуудал үүсэх, гадны нөлөө илүү ихээр тусах шинжтэй болж байна. Манай боловсролын бодлогод барууны хэв маягийг дагах чиг хандлага нэлээд түлхүү болж, хүмүүс англи хэлийг түгээмэл хэрэглэх болсноор эх хэлээ жаахан үл тоосон байдлууд ажиглагдаж байна.

Монгол хэлийг агуу их англи хэлтэй яаж зүйрлэх вэ гэхчлэн бичиж байна. Үгүй л дээ. Хэл болгон өөрийнхөөрөө баялаг.

Тухайн ард түмэн ямар зан заншилтай, амьдралын хэв маягтай гэдгээс хамааран хэл болгон өөрийн гэсэн онцлог баялагтай байдаг. Монгол хэлэнд ч гэсэн уламжлалт ахуйгаа дагаад асар олон өвөрмөц үг, ойлголт байсан. Зарим нь хэрэглэгдэхгүй болж байгаа учраас хуучирч орхигдож байна. Ингэлээ гээд эх хэлээ эрэмдэглэж болохгүй. Бичиг соёлоор дамжин хэлний дархлаа хадгалагддаг онцлогтой.

-Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд хэсэг бүлэг хүмүүс яриад байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Их харамсдаг. Яагаад гэхээр ялангуяа бага ангийн хүүхдүүдийн боловсрол гэдэг өөрөө маш эмзэг асуудал. Тэр хүн ирээдүйд хэн болох вэ, ямар хүн болж өсөж хүмүүжих вэ гэдэг суурь нь тэндээс тавигддаг. Тиймээс монгол хүн болгож хөгжүүлье гэж бодож байгаа бол эхлээд монгол боловсролоо олгоод, түүний дараа гадны ямар боловсрол олгомоор байгаагаа хэрэгжүүлмээр байна.

Кембрижийн боловсролыг нийт суралцагсдын арван хувьд нь л олгоно гэж яриад байгаа нь бүх хүн адил тэгш боловсрол эзэмших ёстой гэсэн зарчмыг зөрчиж байна. 

Хоёрт, Кембрижийн боловсрол гэдэгт маань бидний хүүхдүүддээ зааж сургах зайлшгүй хөтөлбөрүүд багтаж байна уу гэдэг анхаарал татаад байгаа юм. За яахав Кембрижийн хөтөлбөрөөр сургая гэж бодъё. Гэхдээ монгол хэлний хичээл хэдэн хувийг эзлэх вэ, уран зохиолын хичээл хэдэн хувийг эзлэх вэ, монголын түүхийн хичээл хэдэн хувийг эзлэх вэ. Барууныхны хардаг өнцгөөс монголын түүхийг заах юм уу, эсвэл Монгол эрдэмтдийн түүхэнд хандаж буй хандлагын үүднээс энэ хичээлийг заах юм уу гэдгээс өгсүүлээд зөрчилтэй, эргэлзээтэй юмнууд их харагдаж байна. 

Ер нь хэл гэдэг хүний сэтгэлгээг тодорхойлдог. Тиймээс монгол сэтгэлгээтэй, монгол сэтгэл зүрхтэй хүн бий болгоё гэж байгаа юм бол суурийг нь заавал монголоор тавих ёстой гэсэн байр суурьтай байгаа. 

Дэлхийн улсуудын чиг хандлагыг харахад, жишээ нь Англи Улс хуучин ЗХУ-ын сургалтын системийг 1995 оноос хойш судалж туршаад 2018 оноос хойш хуучин зөвлөлтийн арга хэлбэрээр сургах нь зүйтэй юм гэж тогтсон. Боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд улс орнууд олон арга хэмжээ авч байна. Жишээ нь, БНСУ тусгай сургуулиуд, гадаад хэлний сургуулиудаа бүгдийг нь энгийн сургуультай адилхан болгох шийдвэрийг дөнгөж сая гаргачихлаа шүү дээ. Энэ юуг харуулж байна гэвэл улс орон эцсийн эцэст иргэнээ бодож байна. Солонгос хүн бол солонгосоороо, монгол хүн бол монголоороо байх ёстой. Хэрвээ бид монголоороо байя гэж байгаа юм бол ядаж бага ангийн боловсролыг цэвэр монгол сургалтаар явуулаад, агуулгыг нь чанаржуулаад, багшлах боловсон хүчнээ чадавхжуулаад, цалин хангамжийг нь нэмээд, хүүхдийнхээ суурь боловсролыг нэлээд гүнзгий сайн тавьж өгсний дараа бусад хэлбэрийн сургалтын арга хэлбэрийг хэрэглэх нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.

-Монгол Монголоороо үлдэх нь дэлхийн хөгжилд ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ?

-Дэлхийн гэхээсээ Монголдоо илүү ач холбогдолтой. Яагаад гэвэл бид хамгийн эртний төрт ёсны уламжлалтай, түүхтэй, өөрийн гэсэн бахархалтай ард түмэн шүү дээ. Өнөөдрийн бидний амьдран суугаа орон зайд өвөг дээдэсэрт дээр үеэс амьдран сууж ирсэн. Эх хэлээрээ ярьж, эх бичгээ хэрэглэсээр ирсэн гэдэг утгаараа бид үүнийг уламжилж авч явах ёстой. Ямар ч ард түмэн өөрийн уламжлал соёлыг хадгалж байж бусдаас ондоошдог. Бидний хувьд эх хэл бичиг маань “Монгол” гэдгээ илэрхийлэх тэргүүн зэргийн онцлог минь болж байна шүү дээ.

-Эртний Ромчуудын үр сад эртний латин хэл, ром тоогоо хэрэглэе гээд байдаггүй. Бид эртний бичгээ сэргээе гээд байгаа нь хөгжлийн чөдөр тушаа болж байна гэж үзэх хүмүүс байна лээ. Та энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол хэлээ хаячихвал харийн хэлээр ярьдаг хүмүүс л болж хувирна. Ингэснээр монгол хэл мөхнө гэсэн үг. Тухайн ард түмний цөөнх нь ярьдаг болчихсон тохиолдолд мөхөх аюулд өртсөн хэл гэж үздэг. Өнөөдөр манайхан бүгдээрээ монгол хэлээрээ ярьж байна. Гэхдээ хэлний чанарын хувьд асуудалтай байна.

Эртний Грек, Ромтой харьцуулах юм байхгүй. Хамгийн сонгодог жишээ Израйлийг аваад үз. Мартагдчихсан байсан эх хэлээ сэргээж, хоорондоо харилцаад, хуучны ном судруудаа уншаад болж л байна. Тэр эртний түүхтэй ард түмэн зөвхөн номын хэл болж явцуу хүрээнд үлдээд байсан хэлийг сэргээгээд хэрэглэж чадаж байхад бид өнөөдрийг хүртэл уламжлагдсан хэлээ аваад л явах ёстой. Энэ бол монгол хүний үүрэг. Бид монгол бичгээр бичигдсэн ном судар, түүхээ мэдэхгүй болчихоод өөр улс орны зохиосон үгээр Монголын тухай яагаад ярьж явах ёстой юм бэ?Монгол бол зохиомлоор, хүчээр бий болчихсон улс орон биш.Эртний язгуур түүхтэй улс учир зайлшгүй хэл соёлоо авч үлдэх ёстой. Бид монгол туургатны гал голомт гэдэг утгаараа эх хэл бичгээ авч үлдэх ёстой.

-Өвөр Монголчуудын эх хэлээ гэсэн тэмцэл саяхан өрнөлөө. Энэ нь эргээд бид ч бас эх хэл бичгээ хайрлах ёстой юм байна гэсэн дархлааг сэргээж өгсөн болов уу?

-Бид 2025 онд монгол бичигтээ шилжих учраас үндэсний бичгээ сурахаас аргагүй шаардлага үүсчихсэн байгаа. Үнэхээр л энэ нутагт амьдаръя гэж бодож байгаа хүн бол сурахаас өөр аргагүй болно. 

Зөвхөн Өвөр Монголчуудын хөдөлгөөнтэй ч холбоотой биш, ер нь монголчууд сүүлийн үед монгол бичгээ сэргээе, хэрэглэе гэдэг эрмэлзэлтэй болсон. Энэ эрмэлзэл ерээд оны эхээр нэлээд оргилж ирсэн, одоо бол хүссэн ч хүсээгүй цагийн шаардлагаар монгол бичиг рүүгээ шилжих нь гэсэн хүлээлт, дүр зураг бий болчихоод байна.

Өвөр Монголчуудын тэмцлийн тухайд хувь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлж байгааг бол хүндэтгэж байна. Харин Монголын төр энэ дээр дуугараач ээ гэж шаардаж байгаа хүмүүсийг бол ойлгохгүй байгаа. Дипломат ёсонд ийм юм байж болохгүй. Бие биеийн тусгаар тогтэол, дотоод хэрэгт үл оролцоно гэж харилцан хүлээн зөвшөөрсөн хөрш улсын хувьд төр оролцоно гэдэг бол хэрхэвч байж болохгүй асуудал. Харин монгол хүнийхээ хувьд элэг нэгтнээ өмөөрч дуугарах бол иргэний эрхийн асуудал.

-Дунд сургуулийн хүүхдүүдийн хэл, уран зохиолын номын агуулга орчин үеийн хүүхдүүдэд тохирч байна уу. Дээр үеийн зарим үлгэрийг одоогийн хүүхдүүд ойлгохгүй байна. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Монголын боловсролын системийг өнгөрсөн 30 жил анхааралгүй орхисны  гай л гарч байгаа юм. Социализмын үеийн цагаан толгойн номыг авч үзвэл ядаж л алдаагүй хэвлэгдсэн байдаг. Дээрээс нь сургаалт үлгэр, оньсого, зүйр үг, таавар гээд уламжлалт мэдлэг их шингэсэн байдаг. Үзэл суртлаа дагасан зарим нэг жижиг бичвэрүүдийг нь хасчихвал цэвэр монгол юм байсан. Гэтэл одооны сурах бичгийг үзэхээр хүн айж, ичмээр жишээнүүд их байна шүү. Ямар ч монгол сэтгэлгээнд буухгүй, гаднаас хуулчихсан, зүйр цэцэн үг, сургаалт үгсийг өөрсдийнхөөрөө зохиогоод ямар ч логикгүй толгой холбосон юмнууд хийгээд оруулчихсан байх жишээтэй. Гэтэл бидэнд өнгөрснөө ухвал хангалттай өв бий шүү дээ. Зохиолчдын зохиол бүтээл дундаас оновчтой үг өгүүлбэрүүдийг ишлээд, ардын аман зохиолоос заавал бүтнээр авалгүйгээр өнөөдрийн хүүхдийн оюун сэтгэхүйд таацуулан жижиглэн хэсэгчлээд оруулмаар байна.

Бидний аав ээж үр хүүхдүүдээ сургахдаа зүйр цэцэн үг, сургаалт үлгэрийг байнга ашигладаг байсан. Одоо үед тэгж харьцаж байгаа аав ээж ховор болчихсон. Би ч бас өөрөө учир дутагдалтай байна. Монголчууд амны билгийг эрхэмлэж юмыг дандаа эерүүлж, цайруулж, ерөөдөг уламжлалтай байсан. Үүний цаана монгол хүн байх асар том философи явж байсан. Хэлээр дамжиж өвлөгддөг асар олон зүйл байна. Хэл бол дархлаа, хана хэрэм гээд байгаагийн учир нь уламжлал, соёлоо бид хэлээрээ л дамжуулж авч үлдэнэ гэсэн үг.

Мэдээж технологио дагаад хүний сонирхол өөрчлөгдөнө. Одоогийн хүүхдүүдийн сэтгэлгээ огт өөр болчихсон нь мэдрэгддэг. Түүнд нь нийцсэн, заавал сонирхохуйц контентуудыг олон арга хэлбэрээр бэлтгэмээр байгаа юм. 

Жишээлбэл, хүүхдүүд хэлд орохоосоо өмнө цахим орчинтой харьцаад сурчихаж байгаа ийм үед гар утсанд зориулсан сонирхолтой, хүүхэд зайлшгүй үзэх, цаана нь мэдлэг, мэдээлэл өгөх агуулгуудыг маш ихээр үйлдвэрлэхгүй бол болохгүй болчихож. Одоо хүүхдүүдийн салахгүй үзээд байгаа англи сувгуудыг хар. Тэр дунд нь дандаа мэдлэг явж байна. Тоо тоолж сурахыг нь заагаад өгчихөж байна.

Өнгөний тухайд гэхэд ямар хөөрхөн сонирхолтой хэлбэрээр сургачихаж байна, тэгээд л манай хүүхдүүд хар багаасаа англи хэл сурчихаж байна шүү дээ. Тэр хэмжээнд монгол хэлийг сонирхолтойгоор заах арга зүйг боловсруулаад, хүүхдийг цэцэрлэг, яслиас нь эхлээд тавдугаар анги төгстөл нь бүрэн сайхан монгол сэтгэлгээтэй, монголоороо ярьж сургах боломж бий. Энэ талаар төр тусгай бодлого хэрэгжүүлэх ёстой.

Сүүлийн үед монгол хэл, уран зохиолын цагуудыг их богиносгож, англи хэлний цагийг нэмж байгаа асуудалд би нэг их таатай ханддаггүй.

Англи хэл дэлхийн хэл, монгол хүн бүр боломжийн хэмжээнд сурах хэрэгтэй. Гэхдээ энэ бол эх хэл биш. Тиймээс монгол хэлээ нэгдүгээрт тавиад дараа нь гадаадын ямар хэлийг сонирхоно, түүнийгээ үзэж болно. Монголчууд хэл сурах авьяастай. Тиймээс хүүхдүүдэд тавдугаар анги төгстөл нь яг сайхан монгол хэл, бичгийг нь заагаад монголын уран зохиолтой нь танилцуулаад, дараа нь гадаад хэлийг сургадаг ийм хэлбэр рүү шилжээсэй гэж боддог.


-Өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиуд нэмэгдсээр байна. Эдгээр сургуулиуд гадаад хэлийг нэгдүгээрт тавьж байгаа нь Монгол хэлний дархлааг сулруулж байна уу?

-Төлбөртэй сургуулиуд зэрэг ялгаатай боловсролын түвшнээс хамаараад өөр өөр монгол хүмүүсийг бэлдэж байна. Гадны хөтөлбөрөөр явагдаж байгаа сургалтын агуулга нэг өөр, монгол жирийн сургуулийн агуулга нэг өөр байгаа шүү дээ. Тэгэхээр сургалтын монгол агуулгаа гадныхан хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хүргэж сайжруулаад явчихвал монгол боловсролын асуудал шийдэгдэнэ. 

Өнөөдөр монгол хэл ядуурч байгаа нь аюул болохоос мөхөж байгаа хэл бол биш шүү дээ. Монгол гэдэг улс байхад монгол хэл байж л таарна. 

Ямар ч улс өөрийнхөө хэлээр л ярьж байгаа шүү дээ. Харь хэлийг үндэснийхээ хэлний дээр тавьчихаж байгаа улс байхгүй. Мэдээллийн урсгал ийм өргөн болчихсон үед бидэнд гадаад хэл зайлшгүй хэрэгтэй, дэлхийн түгээмэл хэлүүдийг эзэмшсэн байх ёстой. Энэ бол шаардлага. Дээхэн үед жолооч тусдаа мэргэжил байлаа, гадаад хэл эзэмших нь орчуулагч гээд тусдаа мэргэжил байлаа. Өнөөдөр бүгдээрээ хэрэглээ болчихсон.

Бүх хүн жолооны курст суугаад үнэмлэх аваад машин барьж байна. Үүнтэй адилхан хүн болгон дэлхийн түгээмэл хэлийг өөрийнхөө хэмжээнд ашиглаж чаддаг байх ёстой. Гэхдээ эх хэлээ нэгдүгээрт тавих ёстой. Үүний цаана тусгаар тогтнолын асуудал явдаг. Тиймээс монголчууд үндсэрхэгдээ биш, Монгол гэж эртний түүх соёлтой ард түмэн гэдгээ дэлхий дахин харуулах, өөрсдөө оршин тогтнохын үндэс бол эх хэл юм.

Эх хэлэндээ хайртай, бидний хоолоо олж иддэг, бидний оршихуйн үндэс болсон зүйл маань монгол хэл учраас монгол хүн л монгол хэлээ хамгийн түрүүнд сайтар сураад түүнийхээ дараа бусад хэлээ сураасай гэж боддог.

Гадаад хэл бол хэрэглүүр, эх хэл бол чи монгол хүн шүү гэдгийг илэрхийлж байгаа хамгийн гол дархлааны эд эс нь гэж хэлж болно.


Ярилцсан О.ӨНӨРЦЭЦЭГ