Монголын гүүр барилгачдын холбооны тэргүүн Б.Эрхэмбаяртай ярилцлаа. Тэрбээр салбартаа 40-өөд жил ажиллахдаа Монголд баригдсан 300-аад гүүрийн зургийг гаргасан нэгэн юм.


-Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц барих асуудал багагүй асуудал дагуулж байна. Та зам гүүрийн инженерийн хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бүхэл бүтэн Монгол улс, улсын нийслэл байж гүүр барих газар чөлөөлж чадахгүй байгаа нь харамсалтай хэрэг. Үндсэндээ бид ганц дөрвөлжин байшингаас болоод тээврийн сүлжээгээ гацаачихаж байна. Иймэрхүү ажлыг гацааж буй хүмүүстэй хариуцлага тооцож байж чих нь зөөлөрнө. Тэр газар гүүр барина гэсэн сургаар зориуд байшин барьсан гэж ойлгосон. Магадгүй эзэн нь нураахыг зөвшөөрч магадгүй юм. Гэхдээ хэдэн төгрөг нэхэхийг бид мэдэхгүй. Мэдээж их хэмжээний л  мөнгө нэхэх биз. Нэг талаасаа Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар гэж байгаа л юм бол замын сүлжээнийхээ газрыг хадгалж хамгаалах хэрэгтэй байна.

-Шинээр тавигдах зураг Home плазагийн байшинг нь тойрч гарсан. Техникийн нөхцлийн хувьд хэр зөв шийдэл болох бол?

-Техникийн нөхцлийн зөвшөөрөгдөх боловч хамгийн муу нөхцлөөр баригдана. 


-Техникийн муу нөхцөл гэдгийг тайлбарлавал?

-Цас мөстэй үед алгуурхан тойрч орох ёстой байтал хавчигдмал байдлаар л шийдэгдэж байна. Энэ гүүр ашиглалтанд орвол байсхийгээд давс цацаж цэвэрлэж байхгүй бол осол аваар гарах нөхцөл бүрдсэн гэдгийг үгүйсгэхгүй. 


-Ингэхэд Нарны гүүрийг Япончууд барьсан, Замын цагдаагийн урд талын гүүрийг ч бас Хятадын талаас барьж өгөх гэж байна. Ер нь монгол инженерүүдэд томоохон гүүр барих боломж нөөц бий юу?

-Гүүр барих чадвартай боловсон хүчин хангалттай байна. Манай зураг төслөөр гэхэд Их тэнгэрийн бас Улиастай хос гүүр, Тэрэлжийн гүүрийг ч барьсан. 

Гадны хүмүүсээр гүүрээ бариулдаг нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Нөгөө талдаа засаг нь монгол инженерүүдэдээ итгэл үзүүлж даалгавар өгөхгүй байна. Монголчуудад хэрэв энд ийм гүүр барь, зураг, тооцоог нь хий гэвэл асуудалгүй хийж чадна. Яагаад гэвэл хуучин ЗХУ, одоо ОХУ-ын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн институтыг төгссөн боловсон хүчин хангалттай бий.

Хуучин системээр зургийн ерөнхий инженер гэж байсан. Аливаа нэг объект хаана зөв босч ирэх вэ гэхээр цаасан дээр л зөв гардаг. Үүнийг хариуцаж авч явж байгаа нь хуучнаар ерөнхий инженер буюу одоогийнхоор төслийн удирдагч юм. Тэгэхээр чанартай зам барихад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсдээ хариуцуулах хэрэгтэй. 

Ийм хүмүүстээ итгэл үзүүлж, боломжийг нь олгомоор байна. Магадгүй тэдэнд мэдэхгүй чадахгүй зүйл гарвал гадны зөвлөх авч ажиллуулж болно. Гол нь гадаадын компани орж ирэхийг хориглох хэрэгтэй. Цаашид гадны төсөл хөтөлбөрөөр зам гүүрээ бариулснаар бид өөрсдөө хөгжихгүй. Гаднынхан ганц гүүрэнд хөрөнгө оруулалт хийгээд л явна. Оруулсан мөнгөнийхөө талыг нь аваад гарч байна. Дээрээс нь хүү төлнө.

Уг нь улсын төсөвт боломж их байдаг. Улаанбаатарт гэхэд жилдээ ганцхан гүүр бариад байхад 10 жилийн дараа 20 гүүртэй болчихно. Гол нь худлаа ярьж суусаар байгаад хамаг цагаа алдаад байна.


Ган хийцтэй Нарны гүүр нийт 895 метр урт 



БНХАУ-ын тусламжаар 1964 онд барьж дуусгасан 377.1м урттай Энхтайваны гүүр


-Хамгийн бага үнэ хэлсэн нь гүүр зам барьдаг  хуулийн заалтын тухайд ямар бодолтой байна вэ?

-Нэг обьектийн тендер зарлалаа гэхэд хамгийн бага үнэ хэлсэнд нь ажлыг нь өгчихдөг хуультай цагт бид хол явахгүй. Би бол ахиу үнэ хэлдэг. Яагаад гэвэл хийх ёстой бүх зүйлийн үнэ, үнэлгээ нь багтааж тооцдог. Харин туршлага багатай хүн энд тэндээс аргалаад бүтээчих гээд байдаг. Энэ бол алдаа. Бас нэг хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл бий. Гадны хүмүүс гүүрийн зураг гаргасан бол ажлын явцад  нь хяналт тавьдаг. Гэтэл өөрсдийнхөө инженерүүдийн зураг дээр хяналт тавихыг хориглочихдог юм.


-Яагаад?

-Зургийг гаргасан зохиогчийг ашиг сонирхлын зөрчилтэй гээд хориглочихдог юм. Гэтэл зохиогч хяналт тавих хууль эрх зүйн акт бий. Гүйцэтгэгч барь гэснийг барихаас тооцоо мэдэхгүй. Энэ нөгөө л тендерийн хуультай холбоотой. Саяхан болсон Авто замын удирдах ажилтны зөвлөгөөнөөр би сайдад энэ талаар хэлсэн. Ний нуугүй хэлэхэд манай салбарт бодлого гэж зүйл алга.


-Тендерийн хуулиас болоод хэт бага зардлаар зам барьж байгаа нь чанаргүй гүүр барих гол нөхцөл болох нь ээ?

-Улсын төсөвт зам гүүрийнхээ өртөг зардлыг тооцоод УИХ-ын гишүүддээ ойлгуулвал замын үнэ бодитоор гарч ирнэ. Орон нутагт гүүр барих нэг метр тутмын өртөг нь 30-40 сая төгрөг байдаг. Тэгэхэд саяхан тендер зарлагдсан Сэлэнгэ аймаг дахь Орхоны төмөр бетон гүүрийг шинээр барихад зарласан өртөг нь 500 сая төгрөгт төсөвлөжээ. 200 метр гүүр шүү дээ. Гэтэл 10 хэдхэн метр гүүр барих зардал тавьчихсан байгаа юм. Угтаа 8 тэрбумаас наашгүй. Гэтэл ийм бага үнийн дүн дээр тендер зарлана гэдэг цагаа барсан ажил, ямар ч боломжгүй юм. 


-Гэтэл тендерт түүнээс ч бага үнэ хэлээд ялчихдаг компаниуд бий шүү дээ?

-Манайханд ямар нэгэн аргаар тендер авчихвал ар өврийн хаалгаар гүйж хахуулиа өгөөд аргалчихдаг гэсэн ойлголт суучихсан. Миний мэдэхээр Сонгины гүүрийг барихад 10-аад тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл улсын төсөвт 4 тэрбум төгрөг тавьжээ. Шаардлагатай өртөгийн талд нь ч хүрэхгүй зардал шүү дээ. Хамгийн сонирхолтой нь тендерт оролцсон компани үүнээс ч доогуур үнэ хэлжээ.Ийм байгаа цагт дампуурахаас өөр арга байхгүй. Чанар, стандарттай бол яриад ч хэрэггүй. 


-Тэгвэл шийдэл нь юу юм бол?

-Хэрэв зөв зохион байгуулалттай, зөв удирдлагатай, бодлого гэж байгаа л бол “Уучлаарай, таны үнэ бодит биш байна” гээд цуцлахаас аргагүй. Тендерийн хуулинд үнийг бодит байхыг тусгах хэрэгтэй. Хуулийг нь харахад “Хамгийн бага үнийн саналыг хамгийн сайн тендер гэнэ” гээд заачихсан. Ингээд болсон болоогүй юм хийлгээд явж байна. 


-Чанар болон хяналт муутайгаас болоод гүүр нурсан тохиолдол бий юу?

-Нурсан тохиолдол бий. Хийгээд өгсөн зургийг мөрдөхгүйгээс болоод нураачихдаг. Гурван жилийн өмнө гэхэд Увс аймгийн Тэс сумын Нарийний голын гүүр унасан. Гэтэл тэр гүүрийг зургийн дагуу хийгээгүй байсан юм. Тухайн үед улсын комисс хүлээж авахад нь ч би очихоос татгалзсан. Комисс хүлээж авчихаад зургийн байгууллагаас гарын үсэг авна гэхээр би Хятад гүйцэтгэгчээс баталгаа гаргаж авсан. Тэгээд жилийн дараа тэр гүүр унахад баталгааг нь яаманд өгч дахин засуулсан. Дахиад засахад нь манайхан бас л хяналт тавиагүй, зургийнх нь дагуу зассан эсэхийг нь хэн ч мэдэхгүй.


-Монголд баригдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай гүүрийн өртөг хэдээр бүтдэг вэ?

-Хамаагүй өндөр. Нэг метр гүүрийн үнэ нь 70-80 сая төгрөгөөс наашгүй. Дотоодын компаниудаас 2-3 дахин үнэтэй. Энэ хэдэн Монголчуудадаа итгээд даалгавар болгоод өгчихвөл барьчих л ажил шүү дээ. 


-Сүүлийн үед Улаанбаатарт метро, тунел хийх талаар ярьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Нийслэлдээ хэдэн сайхан гүүрэн гарам хийчихэд асуудал шийдэгдээд л явчихна. Тунел болон метро манай нөхцөлд таарахгүй. Хийсэн ч асар их зардлаар усны асуудлыг шийдэхээс аргагүй. Учир нь Улаанбаатар олон голын сав газар байрладаг учраас тэр чигээрээ сийрэг, хайрган хөрстэй. Доогуураа байнга ус шүүрч байдаг. Одоо ч давхар барилгуудын хонгилын давхар усаар дүүрчихдэг тохиолдол цөөнгүй.  Москва, Ленинградын хөрс нь шаварлаг учраас метро барихад ийм асуудал гараагүй. Зам гэдэг бол хүнээр бол артерийн судас юм. Тэр судсаа чөлөөтэй байлгах хэрэгтэй байна. Гэтэл зам барьчихаад дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй хүний зам барих гэхээр газар нь алга. Эхлээд зам гүүрээ хаана барихыг тодорхойлчихоод дараа нь хаана барилга барихаа төлөвлөх ёстой. Ерөнхий төлөвлөгөө гэж ердөө энэ шүү дээ.