Амттай амьдрах чихэрлэг жоруудыг түгээдэг “Чихэр эмэгтэйн 147 хоног” номын зохиогч Б.Энхжаргалтай “Номын баяр”-ын үеэр таарч, цөөн хэдэн асуултад хариу авлаа. 

-“Чихэр эмэгтэйн 147 хоног” их содон юм аа. Яагаад ингэж нэрлэх болов?

-“Чихэр эмэгтэйн 147 хоног” номын эхний дэвтрийг дөрвөн жилийн өмнө бичсэн. Өөртөө хамгийн таалагдаж байгаа, номынхоо агуулгатай уялдаатай, содон нэр өгөх гэж бас нэлээд удаан бодсон л доо.

Чихэр эмэгтэй гэж бодит хүн биш. Миний номонд байгаа төсөөллийн эмэгтэй. Чихэр эмэгтэйг тодотгохын тулд тэр эмэгтэй 147 хоногийн турш өөрийгөө яаж өөрчилсөн, өөртөө яаж гоё бэлэг барьсан, амьдралд яаж хайртай болсон, өөрийгөө өнгөрсөн цагаас авчирч, хэрхэн ирээдүй цаг руу дагуулсан тухай гардаг хувь хүний хөгжил, хайрын тухай өгүүлдэг учраас нэрэндээ бас тоо оруулж өгсөн юм. 

-Чихэр эмэгтэй гэж яг хэн юм бэ?

-Бүх эмэгтэй чихэр эмэгтэй. Та ч бас чихэр эмэгтэй. Гэхдээ чихэр эмэгтэй гэдэг  чихэрлэг, өнгөлөг тэр чанарыг өнгөрсөн цагаас бас ирээдүйгээс эсвэл чиний хажууд байгаа хэн нэгэн гайхалтай мундаг эмэгтэйгээс сонгож аваад, тэр гайхалтай бүх чанаруудыг  өөртөө шингээн, өөрийнхөө байж болох хамгийн сайн хувилбарыг бүтээж байгаа нь л чихэр эмэгтэй юм.

-147 хоног гэдэгт ямар нэг онцгой утга байгаа юу?

-Номон дээр бол 147 хоногийн турш ингэнэ тэгнэ гэсэн юм байхгүй. Хувь хүний хөгжлийн сэдвээр уйтгартай бичигдсэн зарим ном шиг өглөө болгон босоод наранд залбир, чи чадна гэх мэт зөвлөгөө байхгүй.

Зүгээр л дурсамж, хэн нэгнийг хайрлах сэтгэлээс үүдээд хүн яаж өөрчлөгдөж болох вэ. 

Өнгөрсөн цагт өөрийгөө ямар мундаг байсныг мартсан эмэгтэйчүүд ч байдаг. Юу мөрөөдөж байснаа ч амьдралын нугачаанд мартах нь бий. Тэд энэ номыг уншаад “Би нээрэн хаана явна аа” гэж санаж сэрэх нь ч байдаг. Ерөнхийдөө энэ номыг 147 хоногийн дотор бэлэн болгосон юм. 

-Зохиогчийн тухай яриач. Б.Энхжаргал гэж хэн бэ?

-Сэтгүүлч, зохиолч мэргэжилтэй.

  “Далавчгүй сахиусан тэнгэрүүд” фэйсбүүк группийг хариуцаад, маш олон эмэгтэйд урам өгөх, түрүүлж амжилтанд хүрсэн нэг нь бусадтайгаа хуваалцах, хайрлагдаж байгаа бол хайр дутсан нэгэндээ урам өгөх захидлын групп байгаа юм.

Групп маань миний хувийн амьдралтай хамаагүй. Эмх цэгцтэй зорилготой групп байлгахын тулд зөвхөн захидал хэлбэрээр харилцдаг. Нийт 3000 гаруй захидал манай группт нийтлэгдсэн. 

-Хайрлагдахын тулд, чихэр шиг байхын тулд яах хэрэгтэй вэ?

-Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус, ямар азгүй юм бэ гэж бодогдож байгаа бол чиний амьдрал өөр нэгний хувьд сайхан, хэн нэгнээс хавьгүй дээгүүр амьдарч байгаа гэдгээ олон хүний түүх, захидлуудаас олж мэдэх болно. 

Тэгэхээр чи хорвоогийн хамгийн орхигдсон хүн биш болж таарна. Яг одоо өөрийгөө олоогүй байгаа, эсвэл би ингээд гацсан юм шиг байна, яах ёстой юм болоо гэж бодож яваа эмэгтэйчүүддээ “Өөртөө өнгөрсөн цагаа дурсах боломж олго, ганцаараа  бай, ном унш” гэж хэлье.

-Та залуу эмэгтэй байна. Бусдад хэлэх санаагаа яаж олдог вэ? Бусад зохиолчдыг уншдаг уу?

-Өөртэйгээ үе тэнгийн сүүлийн үеийн зохиолчид болон ахмад зохиолчдын номуудыг уншдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд зориулж ном бичдэг, өөр өнцгөөр хардаг зохиолч нарыг дэмждэг, уншдаг. 

-Чихэр эмэгтэйн 147 хоног уншигчдын сонирхлыг хэр татав?

-Чихэр эмэгтэй нэг нь 2019 оны өвөл хэвлэлтээс гарсан. Мөн ондоо гурав, дөрвөн удаа хэвлэлтэд орж, Интерном болон номын бусад дэлгүүрүүдийн бестселлер болсон. Чихэр эмэгтэй хоёр нь хэвлэлтээс гараад сар гаруй болж байгаа шинэ ном. Номын дэлгүүрүүдэд эрэлттэй байгаа номуудын нэг. 

-Чихэр эмэгтэйн дараагийн цуврал гарах уу?

-Удахгүй гарах гэж байгаа. Бичиж байгаа. Энэ ном унших тусам шунал хөдөлгөдөг, хэн нэгний дэрэн дор, цүнхэнд явж байгаасай , ширээний ном нь байгаасай гэж хүсдэг.

-Чихэр эмэгтэйд хадам ээжээс нь ирсэн захиа гэсэн хэсэг байна лээ. Хадам ээж нь чихэр эмэгтэйд юухэлж болох вэ?

-Хадам ээж бол зөвхөн өөрийнхөө хүүг хайрласан эмэгтэй биш. Хадам ээж ч бас залуудаа чихэр эмэгтэй байсан. Хүүг нь хайрласан эмэгтэйг хүүдээ ирсэн бэлэг гэж үзээд, миний охин гэж харьцаад, бэрдээ чи бол чихэр юм, чиний насыг би дайраад гарсан. Хоёулаа адилхан гэдэг үзлээр бичигдсэн захидал. 

Манай “Далавчгүй сахиусан тэнгэрүүд” группын найзууд болон миний номыг худалдан авахаар ирж байгаа бүх эмэгтэйчүүдэд бүгдээрээ өөр өөрийн доторх чихэр эмэгтэйгээ бүтээцгээе гэж хэлье.