Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Энх-Амгалан танилцуулж, мэдээлэл хийв.

Тэрээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр өнөөдрийн хуралдаанаар хоёр шийдвэр гаргалаа. 

Нэгдүгээрт, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газарт Хотын зам компаниас ирүүлсэн "Тэнгэрийн тойрог" төслийн дагуу Улаанбаатар хотын А бүсэд зам барих асуудлыг шийдвэрлэлээ. 

"Тэнгэрийн тойрог" нэртэй уг зам нь 6-12 метрийн өндөрт нийт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, хоёр түвшний замын байгууламж болно. Ингэснээр хотын замын түгжрэл 46.5 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцсон.

Уг гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамын давхар ашиглах боломжтой. Төслийн нийт хөрөнгө руулалт 800 сая ам.доллар. Нэг тээврийн хэрэгслээс нэг ам.доллар буюу км тутамд 15 центийн төлбөр авч, зургаан жилийн дотор зээлийн хүүгээ нөхнө. 

Энэ зам нь Сансарын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрэлэн- Хан-Уул дүүрэг- Нарны гүүр- Баруун дөрвөн зам- Гэсэр сүм- 100 айл гэсэн тойрог чиглэлээр баригдана.

Зам барихдаа Засгийн газар, орон нутгийн төсвөөс мөнгө авахгүй. Концессоор хийгдэнэ. 25 жилийн хугацаатай тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот бүтэн нэг тойрог замтай болно" хэмээн мэдээллээ.