NBA-ийн тоглогч асан Бэн Гордоныг нэгэн эмэгтэйтэй маргалдаж, цагдаад баривчлагдсаны дараа сэтгэц нь эрүүл эсэхийг шалгуулахаар эмнэлэгт албадан хэвтүүлжээ. Цагдаа нарын мэдээлснээр Бэн Гордон дэлгүүр дотор нэгэн эмэгтэйтэй маргалдаж, тэндээс явахыг шаарджээ.

Эмэгтэй ч хувцас цүнхээ аван дэлгүүрээс гарах гэтэл Гордон хаалгыг нь түгжсэн байжээ. Дараа нь тэр эмэгтэй рүү орилж хашхиран, тэнд байсан эд зүйлсийг шидэж эхэлсэн байна.
Цагдаа нар ирэх үед хаалга түгжээтэй байсан тул хаалгыг эвдэж орон тус эмэгтэйг барилгаас гаргажээ. Тэрхүү эмэгтэй Бэн Гордоныг хутгатай байгаа гэж мэдүүлсэн боловч угаалгын өрөөнөөс түүнийг баривчлах үед хутга олдоогүй юм.

Тэрхүү эмэгтэй бэртэж гэмтээгүй бөгөөд цагдаа нар Бэн Гордонд ямар нэг эрүү үүсгэж шалгахгүй гэдгээ мэдэгджээ. Гэсэн ч сэтгэц нь эрүүл биш байх магадлалтай харагдсан тул түүнд нарийн шинжилгээ хийхээр эмнэлэгт хүргэсэн байна. Бэн Гордоны хувьд 2015 оны 10 дугаар сард Голден Стэйт Уорриорс багаас хасагдсан бөгөөд түүнээс хойш хөгжлийн лигт тоглож байгаа юм.