МҮХАҮТ-д эдийн засагчид "COVID 19: Эдийн засаг дахь нөлөө, компани дампуурах, иргэд ажилгүй болох, ядуурал гүнзгийрэхээс сэргийлэх арга хэмжээ, судалгаа"-г танилцуулж байна.

COVID-19 вирусын тархалтын улмаас эдийн засгийн тодорхойгүй байдал үүсээд буй. Энэ үе эдийн засагч Б.Дөлгөөн судалгаа хийснээ танилцууллаа. Тэрбээр энэ судалгаа хэн нэгэн рүү чиглээгүй. Гол нь ойрын үед Засгийн газар яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол хүндхэн нөхцөл байдалд орно гэдгийг онцоллоо. 

Яагаад ингэж үзэж байгаагаа товчхон тайлбарлаж байна.

1.COVID-19 вирусын тархалтын улмаас дэлхий дахинд үзүүлэх эдийн засгийн нөлөө хүчтэй байна. Үндсэндээ хямралтын түвшинд шок үзүүлэх нь. Манай улсын хувьд 2017 оноос хойш хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ дээр үндэслэж эдийн засгийн өсөлт явагдсан. Вирусийн улмаас энэ өсөлт буурах хандлагатай байна.

2.Засгийн газар арга хэмжээ авч байна гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийн нөхцөлд илүү оновчтой арга хэмжээ авахгүй бол үр дүнгүй. Улс болгоны нөхцөл байдал өөр. Тэр улсын арга манайд тохирохгүй. Тиймээс тохирсон, эдийн засгийн хохирлыг бууруулах арга хэмжээ авах ёстой. Улс төрд суурилсан биш нөхцөл байдалдаа тохирсон арга хэмжээ ихээхэн дутагдаж байна.

3. Төсвийн алдагдал энэ жил өндөр гарсан. Коронавирус гарахаас өмнө батлагдсан төсөв учраас төсөөлөл нь өөдрөг байсан. Үндсэндээ бүх төсөөллөө хэт өөдрөг гаргасан ч дэлхийн эдийн засаг, БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт буучихлаа. Мэдээж үүнийг дагаад манай эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой болчихлоо. Зэсийн үнийг гэхэд 5700 долларт төсөөлж байсан. Өнгөрсөн жилийн өдийд 6800 доллар байсан. Одоо 4800 гаруй доллар болчихлоо. Тиймээс төсвийн орлогыг бодитой тооцоолох шаардлага үүсчихлээ.

2020 оны төсөвт тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11.7 орчим их наяд төгрөг, харин 13.8 их наяд төгрөгийн зарлага гарна гэж тооцсон. Төсвийн алдагдал болох 2.1 их наяд, нэмээд одоогийн нөхцөл байдлын улмаас хэсэг хугацаанд нүүрсний экспорт, мөн жижиг, дунд бизнес, аж ахуйн нэгжүүд 2 сар орчим үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Өөрөөр хэлбэл, экспортын орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тооцсон хэмжээгээр бүрдэхгүй нь. Гэтэл нөгөө талдаа хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлж төсвөө тодотгохгүй байгаад эдийн засагчид санаа зовж байгаа. Энэ их өрийн ачааллыг эргээд аж ахуйн нэгж, иргэд л үүрнэ шүү дээ. Эхнээсээ хаалгаа барих дээрээ хүрчихлээ. Үүнийг дагаад ядуурал нэмэгдэнэ.

Нөхцөл байдал ийм хүнд байхад Засгийн газар огт хөдлөхгүй байна.  Өмнө нь аравдугаар сард авах тендерийг долоодугаар сард зарладаг байсан бол энэ жил хоёрдугаар сард зарлаж байна. Эрх баригчид сонгуулиас өмнө буюу эхний зургаан сард бүх тендер гэрээгээ дуусгахаар ажиллаж байна. Үүнийг улс төрийн, сонгуулийн төсөв гэж л би хэлнэ. Хэлэхээр бид мэдэж байна гэдэг.  Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл наадам гэхэд эдийн засаг хүндхэн эрсдэлтэй учирна.