Зарим нэгэн шалтгаанаар ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт орж ирээгүй байгаа билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 

Та бүхэн ямар хүнд нөхцөлд ОУВС-тай хэлэлцээр хийснийг мэдэж байгаа. Үүний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал 1,2 хувьтай байснаас өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 8 хувьтай болсон. 

Бид 2017 оны гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банктай 580 сая ам.долларын евробондын төлбөр төлөх хугацаа тулсан байсан. Хэрэв энэ бондыг төлж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газар дефолтоо зарлах өндөр магадлалтай байлаа. 8 байгууллага маш богино хугацаанд шийдэлд хүрсэн.ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн хамгийн гол үр дүн энэ. 

Зургаадугаар ээлжийн санхүүжилт орж ирэхгүй бол манай эдийн засаг муудна. Өнгөрсөн жил Дэлхийн банк, Японы Засгийн газар олгох ёстой санхүүжилтэй олгосонгүй. Засгийн газар энэ асуудал дээр хэлэлцээр хийгээд явж байгаа. Сангийн сайд үүн дээр тодорхой хариулт өгөх байх. Энэ санхүүжилт орж ирэхгүй бол төлбөрийн тэнцэл буурна. 

Гэхдээ 2019, 2021 онд төлөх том төлбөр байхгүй учраас иргэдийн амьдралд огцом нөлөөлөхгүй. Гэхдээ ОУВС-тай хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусахгүй бол олон улсын санхүүгийн байгууллагаас манай улс тусгаарлагдана. Мөнгө угаах, олон улсын терроризмтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орвол гадаад төлбөр тооцоо хаагдах зэрэг хүндрэлүүд гарах магадлалтай. 2019 онд Засгийн газар энэ тал дээр алдаа гаргачих шиг боллоо.ОУВС-тай хийсэн гэрээнд банкны бүтцийн өөрчлөлтийг тусгаж өгсөн. Ер нь банк гэдэг 1 төгрөгийн хөрөнгө оруулчихаад үлдсэн 9 төгрөгийг татан төвлөрүүлдэг тусгай зөвшөөрөлтэй газар. Тийм учраас бусдын хөрөнгө буюу иргэдийн хадгаламж, хөрөнгийг зөв зохистой хэрэглэж байгаа эсэхийг Төв банк хянах үүрэгтэй. Үүнийхээ дагуу хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд банкны хөрөнгийн үнэлгээг хийх, бүтцийн өөрчлөлтийг гэрээнд тусгасан байгаа.