“Цахим Эмч” ТББ-ын тэргүүн, хүний их эмч Б.Баярбямбатай ярилцлаа. Цахим эмч нэрээрээ танил болсон тэрбээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч нарын нэг юм. Түүнтэй утааны улиралд өөрийгөө хэрхэн хамгаалах, ямар хоол хүнсээр дархлаагаа сэргээх талаар ярилцлаа.


-Утааны талаар нэлээн ярьдаг. Яагаад энэ сэдвийг барьдаг юм бэ?

-Утаа бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал. Чухам яг бидний эрүүл мэндэд хэр нөлөөлж байгааг тоо баримттай нь үнэн зөвөөр хүргэхийг хичээж явна. Агаарын бохирдол гэдэг нь бидний амьсгалах агаарыг хоёр төрлөөр өөрчилдөг. Азотын дутуу исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар ислүүд зэрэг хортой хийн агууламж, нөгөө талаасаа үсний диаметрээс ч нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5, PM10 биднийг хордуулж байна. 

PM10 нь үсний диаметрийг тав хуваасны нэгтэй тэнцдэг бол PM2.5 нь үүнийг дахин дөрөв хуваасантай тэнцэх нарийн хэмжээтэй тоосонцор юм. PM2.5-ыг амьсгалын замын хамгаалах тогтолцоо гадагшлуулж чаддаггүй учраас амьсгалын гуурс цаашлаад хийн солилцоо явуулах хэсэг дээр суучихдаг. Энэ нь астма, бронхит өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Одоогийн Улаанбаатарын агаарын бохирдол нь астма, бронхитоор өвчлөх суурь нөхцөл нь болчихоод байна.

Бидний уушги агаарын бохирдол дахь нарийн ширхэглэгт PM2.5 тоосонцорыг шүүх биологийн хепа шүүлтүүр болчихоод байна шүү дээ.

-Агаарын бохирдолд хүнд яаж нөлөөлдөг юм бэ?

-Агаарын бохирдолд хүний биед хортой хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын дутуу исэл гэх мэт хий агуулагддаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжаад цусанд орчихоороо цусан дахь улаан эстэй холбогдчихдог. Ингэснээр хүчилтөрөгч эд эсүүд рүү очиж чадахаа больсноор бидний бие эрхтэн хүчилтөрөгчөөр дутагдаж бодисын солилцооны алдагдалд орно. Үүнээс болоод зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин цаашлаад агаарын бохирдлын удаан хугацааны нөлөөгөөр хорт хавдар үүсдэг.

-Агаарын бохирдол хүний зан ааш, мэдрэлд нөлөөлөх үү?

-Зан аашинд шууд нөлөөлөхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ агаарын бохирдол дахь хар тугалга хүний мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх, сэтгэн бодох үйл ажиллагааг бууруулдаг нь судалгаагаар тогтоогдсон. Хар тугалга автомашины хөдөлгүүрийн дутуу шаталтын дүнд ялгардаг хүнд металь учраас газраас дээш 70-80 см-ийн түвшинд хамгийн их байдаг. 

Том хүнээс илүү хүүхдүүд хар тугалганы хоронд илүү өртөнө. Тиймээс л бага насны хүүхдүүдийг зам хөндлөн гарахдаа, гарцан дээр удаан зогсохдоо тэвэрч гарах эсвэл дагуулж зам дагуу алхахгүй байхыг зөвлөдөг.

-Утаа Монголчуудын нас баралтад хэр нөлөөлж байгаа бол?

-Урьд нь судалгаагүй учраас яг утаанаас болж амь насаа алдаж байгааг хэлж чаддаггүй байлаа. Гурван жилийн өмнө АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Калифорнийн их сургуулийн орчны эрүүл мэндээр дагнан судалгаа хийдэг багтай хамтарсан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” 2012-2014 судалгаа хийсэн. Энэ судалгаагаар Улаанбаатарын утаа насбаралтанд нөлөөлж байгааг баталсан. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотод жилдээ 7500 хүн зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчнөөр нас баржээ. Үүнээс 1300 тохиолдол нь агаарын бохирдлын шууд нөлөөгөөр уушгины архаг бөглөрөл, зүрхний шигдээс, тархинд цус харвах зэргээр цаг бусаар нас барсныг тогтоосон юм. 0-5 насны хүүхдүүдийн хувьд 120-130 тохиолдол уушигны хатгалгаагаар цаг бусаар нас баржээ.Энэ мэдээлэл бол нийгмийг айлгаж сандаргах гээд байгаа зүйл биш бодит судалгаа. 

Бага насны хүүхдүүдийн амьсгалын эрхтэн тогтолцоо нь бүрэн хөгжөөгүй байдаг. Насанд хүрсэн хүн минутанд 12-15 удаа амьсгалдаг бол цэцэрлэгийн насны хүүхэд 25-30 удаа, сургуулийн насны хүүхдүүд 17-25 удаа амьсгалдаг. Энэ хэрээрээ хорт утааг уушгиндаа шингээж авч байгаа хэрэг.

-Утаа хүний эсэд нөлөөлөх үү?

-Хүний биед байгаа эсүүд нөхөн төлжин үүргээ гүйцэтгээд үхэж устаад хүний биеэс гадагшлах хугацаатай. Гэтэл хорт хий дэхь хэт исэлдүүлэгчид эрүүл эсийн ханыг задалж устгачихдаг. 

-Нэгэнт эс хүртэл хордчихоод байхад бид ямар хоол хүнсээрээ эрүүл мэндээ хамгаалах вэ?

-Хэт исэлдэлтийн процессоос хамгаалах нэгдлийг антиоксидант гэдэг. Монголчууд антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх боломжтой улс. 

Байгалийн гаралтай жимсгэнэ болох чацаргана, нэрс, аньс жимсүүд хэрэглэж биеэсээ хорыг гадагшлуулах боломжтой. Мөн бидний уламжлалт хүнс аарц, цайны ургамал ч бас антиоксидант, витамин C маш өндөр агуулдаг учраас дархлаа сэргээж хоргүйжүүлэх үйлдэлтэй. Аарц сүүн бүтээгдэхүүн учраас уургийн молекулаараа дархлааны тогтцолцоог дэмжиж өгдөг. Монголчууд өвөлдөө идэш гаргадаг нь уураглаг хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих энгийн хэлбэр юм.

Манайхан дархлаа гэхээр эм ууж, тариа хийлгэчихдэг юм шиг ойлгодог. Дархлааг маш олон зүйл нэгдэж байж идэвхжүүлдэг. Хөдөлгөөн хийх хүртэл дархлаа сайжруулна. Хэчнээн чанартай сайн хоол хүнс идлээ ч хөдөлгөөнгүй суучихвал цусны эргэлт, бодисын солилцоо сайжрахгүй.  Уг нь эрүүл байна гэдэг дадал болгох энгийн зүйл юм. 

-Жимсгэнийг чаначихвал витамингүй болчихдог гэдэг?

-Жимсгэнэ уураг багатай, эрдэс, витамины агууламж өндөртэй. Эрдэс, витамин нь темпаратурын нөлөөгөөр уураг шиг хурдан задардаггүй учраас чанаж хэрэглэвэл үйлдэлээ алддаггүй.

-Ингэний хоормогийг бас сайн гэдэг. Юу агуулдаг учраас хүний биед сайн байдаг юм бэ?

-Ингэний хоормог нь эрдэс, витамин мөн хамгийн гол нь амин хүчлүүдийн агууламж маш өндөр. Тэр амин хүчлүүд нэгдэж байж уургийг үүсгэнэ. Уургийн нэгдлүүд идэвхтэй байж дархлаа тогтолцоо зөв явагддаг. 

-Дотоод агаарын бохирдол утаанаас дутахааргүй хор хөнөөлтэй гэсэн үнэн үү?

-Дотоод агаарын бохирдол гаднах утаанаас ч дутахгүй хор хөнөөлтэй. Бид хоногийн 24 цагийн ихэнхийг ажил, гэрийн орчиндоо өнгөрүүлдэг учраас анхаарахгүй өнгөрч болохгүй. 

Гэрт чийгтэй цэвэрлэгээ хийгээгүй байхад өлөн тоос тогтдог шүү дээ. Энэ чинь өөрөө нарийн, бүдүүн ширхэглэгт тоосонцор (PM2.5, PM10) юм. Нүдэнд харагдахгүйгээр хүний хөдөлгөөнөөр агаарын урсгалд дэгдэж байдаг зүйл гэсэн үг.

-Гадаах утаа, дотоод агаарын бохирдол хоёрын аль нь илүү хортой вэ?

-Хийн болон тоосонцрын агууламжаараа гадаад орчны бохирдол илүү хоруу чанартай. Гэхдээ тэр хүнд нөхцөлд бидний байх хугацаа арай бага юм. Харин гэр, ажлын орчинд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг учраас дотоод орчны бохирдол илүү хор хөнөөлтэй. Үүнээс хамгаалахын тулд гадаа гарахдаа маск зүүж, гэртээ агаар цэвэршүүлэгч тавьж хамгаалаарай. 

-Зарим айлууд утаанаас болоод цонхоо онгойлгох нь ховор байдаг. Энэ зөв үү?

-Агаар цэвэршүүлэгчээс гадна гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, agaar.mn-ээр харж байгаад утаа багассан үед цонхоо онгойлгож болно. 

Хэрэв утаатай гээд цонхоо нээхгүй бол агаарын ямар ч солилцоо байхгүй болж агаар дахь бактер, вирус үржинэ. Мөн халаагуурын дулааны нөлөөгөөр агаар хуурайшиж чийгшилгүй болдог.

-Нэгэнт Улаанбаатар утаан хөшигтэй болчихлоо. Энэ үед иргэд яаж утаанаас эрүүл мэндээ хамгаалах ёстой юм бол?

-Хордоод байгаа хорт хий болон тоосонцороос хамгаалах аргаа хэмжээ авна. Эхний алхам бол маск зүүж занших. Маскыг сонгохдоо хэр удаан хугацаанд шүүхийг нь харж сонгох ёстой. Сүүлийн үед сольдог филтертэй маск худалдаанд гарчихсан. 

Хэрэв угааж цэвэрлэж сольж хэрэглэхгүй бол бохирдчихоороо эргээд амьсгалын замын халдварт вирус, бактери үржиж эхэлдэг. Филтертэй маск сонгохдоо дараах тэмдэглэгээг харах хэрэгтэй.

  • FFP1 нь маск нарийн ширхэгтэй тоосонцор PM2.5-ыг 80 хувь 
  • FFP2 маск нь 85 хувь
  • FFP3 маск нь 90 хувь шүүдэг.

Улаанбаатарын иргэдийн ихэнх нь хүчилтөрөгчийн дутагдалд орчихсон, муужирч унахын наагуур явж байна. 

Утаатай үед гадаа гарч дасгал хийхээс илүүтэй долоо хоногт нэг удаа агаарт гарч усан спортоор хичээллэх илүү үр дүнтэй. Бассейн дэхь усны мандлын дээд хэсгээр хүчилтөрөгчийн агууламж их байдаг учир хүчилтөрөгчийг сайн авдаг. Мөн амьсгалын замыг бүрэн гүйцэд цэвэрлэж өгдөг давуу талтай. 

Ер нь өглөө оройдоо хүүхдийнхээ хамар нармайг сайтар цэвэрлэж занших нь хамгийн үр дүнтэй. Хамрын хөндийг сайн цэвэрлэж байхгүй бол гайморийн хөндийн үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Манай Монголчууд эрнээс хамар нармайгаа цэвэрлэчихдэг, хоолойгоо царвангаар зайлдаг байсан зөв дадалтай шүү дээ. 

-Утааг дагаад янз бүрийн бизнес цэцэглэж байна. Жишээ нь утлагын аппаратыг ээжүүдийн групп дээр нэлээн зарж байгаа харагддаг?

-Утлагын аппарат бол эмийг ууршуулсан хэлбэрээр үрэвсэлтэй байгаа амьсгалын замын хэсэг газарт хүргэх эмчилгээний арга. Уушгины хатгалгаа, цэв ховхлох зэрэгт эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Хүний  уушгинд хатгалгааг үүсгэдэг пневмококк нян идэвхгүй хэлбэрээр оршиж байдаг. Хэт чийгтэй эсвэл гэнэт даарсан үед идэвхгүй байсан энэ нян идэвхжээд уушгины үрэвслийг үүсгэдэг. 

Ийм учир дур мэдэн буруу аргаар утлагын аппарат хэрэглэвэл хатгалгаа үүсгэх нөхцөл болно. Дам үгээр хүүхдээ эмчлэх нь хүүхдээ хорлосноос ялгаагүй. Ийм буруу хандлагаас татгалзмаар байна.

Нийгмийн сүлжээн дэх ээжүүдийн группүүдээр мэргэжлийн бус хүмүүс нэг нэгэндээ хувийн туршлагаар эм, эмчилгээг дур мэдэн санал болгох нь хууль, эрх зүйн хувьд нийцэхгүй. Энэ тал дээр хариуцлагатай байгаасай гэж бодож явдаг. Нэг талаар Монголчуудын эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагийн нэг илрэл юм.