Хүний гавьяат эмч Б.Болдсайхан шинэ төрлийн коронвирусээс сэргийлэхийн тулд уламжлалт монгол хоол хүнсээ хэрэглэхийг зөвлөсөн. Тэгвэл удахгүй сар шинийн баяр болохтой холбогдуулан тэрбээр дахин хэд хоногийг уламжлад хөөн цалгуурдуулалгүй сонор, сэрэмжтэй, тэвчээртэй байхыг сануулсан байна

Б.Болдсайхан эмч “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавагнаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя...Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг. Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавагнаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй” гэжээ.

БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Өнөөдөр гэхэд сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаад байна.