Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон бусад албаны хүмүүс газар тариалангийн бүс нутаг болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад өчигдрөөс /2018.10.08/ ажиллаж эхэллээ.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Түмэн бут" ХХК-ийн захирал Х.Даваахүү 1000 гаруй га талбайн үр тариагаа 8, 9 хоногт хураах техникийн хүчин чадал, боломжтой байсан ч цас, борооны давтамж их байгаагаас үр тариагаа хатааж, хураах шаардлага үүсч хойшлогдож байгааг хэлж байв. Мөн тэрбээр сүүлийн хэдэн жил үр тариа худалдан авах үнэ өөрчлөгдөөгүй, гэхдээ үүнийг нэмэгдүүлэхгүйгээр гаднаас импортоор үр тариа авах квотыг тариалалт дуустал хязгаарлахыг хүсч байв. Ингэснээр дотоодын тариаланчдаас үйлдвэрүүд нөөцөө бүрдүүлэх боломжтой болно гэж байлаа. Мөн болц удааширснаас шалтгаалж дутуу болсон буюу ногоон буудайг тэжээлийн нөөцөд авах боломжийг судлахыг салбарын удирдлагуудад уламжилж байв.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Өмнөх жил улс үр тариагаа алдаж, энэ жил тариалалт хийх үү үгүй юу гэсэн нөхцөл үүссэн байсан. Гэхдээ бид Тариалангийн бүс нутгийг зарлаж, үр, шатахуун, техникийн дэмжлэг үзүүлсэн. Тариаланчдын маань урам зориг сэргэсний үр дүнд 497 мянган га талбайд үр тариа тариалсан. Тариаланчид ч хичээж, байгаль хангай ч харж үзлээ. Үр тариагаа ч бид хангалттай хураагаад авна. Тодорхой бэрхшээл байгаа ч бид тухай бүрт нь боломжит бүр арга хэмжээг авч шийдвэрлэнэ. Сая тавьсан хүсэлтийг бид яаманд судалж үзэж байгаа.

Гэхдээ хамгийн эхэнд бид нийт иргэдээ дотоодын улаан буудайгаар хангах зорилгоо барьж ажиллана. Гурилын үнэ хөдлөх ёсгүй. Тийм учраас зохицуулалтыг яам Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа "ТЭДС" хийж болно. Тариаланчдаас ТЭДС-нд авах үр тарианы үнийг нэмэгдүүлж 600 мянган төгрөгт хүргэх боломжтой. Энэ нь тариаланчдаас ТЭДС-нд төлөх өрөөс суутган тооцох учир гурилын үнэд огт нөлөөлөхгүй. Одоо байгаль цаг уурын хүндрэл дахин гарахгүй бол 14 хоногтоо багтаад тариа хураалтаа дуусгаж чадна” хэмээлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам