"Гэр хороолол" хөдөлгөөнийнхөн өнгөрсөн баасан гарагт гэр хорооллыг дэмжиж, хөгжүүлэхийг шаардаж Сүхбаатарын талбайд тайван жагсаж, майхан барин суулт хийсэн. Гэвч Цагдаагийн байгууллагаас тэдний жагсаалыг тараасан.

Энэ талаар өнөөдөр "Гэр хороолол" хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх "Өнгөрсөн баасан гарагт гэр хороолол хөдөлгөөний гишүүн, иргэд тайван замаар жагсаал, цуглаан эхлүүлсэн. Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн эрхээ нэхэж, "дуртай үедээ халуун усанд ордог болъё, эрүүл орчинд амьдармаар байна, бидний хашааны газар руу инженерийн шугам сүлжээ татаж өг" зэрэг амьдралын асуудал ярьсан цуглааныг эхлүүлсэн. 

Бид улстөрийн агуулгатай зүйл огт яриагүй. Хэн нэгэн албан тушаалтныг муулаагүй. Одоогийн эрх баригчид гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог хангаж өг гэдэг зүйлийг шаардаж, цугласан. Жагсаал өглөө 11.00 цагт эхэлсэн. Хариу авахын тулд үдээс хойш хугацаагүй суулт зарлаж, майхан барьсан. Гэвч цагдаа нар олноороо ирж, хүч хэрэглэн бидний майхныг урж, хурааж авсан. Бид турхирах, эмх замбараагүй байдал бий болгохыг оролдоогүй. 

Оройны 9.00 цагт нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд бидэнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы хууль бус удирдамжийг танилцуулсан. Тус захирамжид "Нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгож, хэв журам алдагдуулсанд энэ хүмүүсийг албадан, хүч хэрэглэж тараа" гэсэн байсан. Үүний дараа 11.00 цагийн орчимд маш олон цагдаа ирж, суулт хийж буй иргэдийн хувцасыг урж, сүрийг үзүүлж баривчилсан. Улаанбаатарын иргэдийн 80 хувь болох гэр хорооллын иргэд асуудлаа ярьж суухад нь турхирсан болгож, чирж, гэмтэл учруулсан. 

Улс төрчид, УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдэл булаацалдаж, бүтэн сарын хугацаанд тав талбай дээр жагсаал хийж, гэр барьж суулт зарлахад хориглодоггүй хэрнээ гэр хорооллын иргэдийн үзэл бодлоо хэлэх эрхийг хязгаарлаж байна. Энэ жагсаалын дараа хөлсний бичээчүүдээрээ биднийг сошиалд нэлээд доромжлуулж байна" гэдгийг хэллээ.

Мөн тэд "гэр хороололд амьдарч буй ядуу иргэд бусдын адил дулаан байранд амьдрах боломжийг хангахыг, газрыг нь барьцаалаад зээл өгөхийг, гэр хорооллыг хөгжлүүлэхийг шаардаж" нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байна. Сүхбаатарын талбай дээр зөвхөн эрх мэдэлтнүүд нь жагсдаг юм бол бид үргэлжлүүлэн Эрх чөлөөний талбайд жагсах болно" хэмээн мэдэгдлээ.