ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Mongolia’s next top model-2" шоу нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгаж ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

"2018 оны  аравдугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 22 настай Ч нь өндрөөс унаж нас барсан байдалтай олдсон. Хэрэг гарснаас хойш цагдаагийн байгууллага хуульд зааснаар мөрдөн шалгаж ажиллагааг явуулж байна. Бид прокурорын хяналт дор хуульд заасан бүхий л шалгалт, нотлох баримт цуглуулах ажиллагаануудыг явуулж байгаа. Өмнө нь бид хоёр ч удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл хийсэн. Учир нь цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой нотлох баримт алга болсон, дутуу шалгаж байна зэрэг худал, ташаа мэдээлэл олон нийтэд түгээд байна. Анх хэргийн газрын үзлэгээс авагдсан нотлох баримт алга болсон зүйл байхгүй гэдгийг ахин мэдэгдье. Хэргийн шалгалт дуусах шатандаа явж байгаа. Ар гэрийнх нь гэх хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн таамаг ярьж байгаа. Тэр бүгдийг цагдаагийн байгууллага шалгасан. Ямар нэгэн байгууллагаар хэргийг удаашруулсан, хүнд суртал гаргасан зүйл гараагүй.Нэвтрүүлэгт оролцогч О-той холбоотой яригдсан асуудлуудыг шалгахад хэрэгт холбогдолгүй болгох нь тогтоогдсон. Цахилгаан шатанд яваа бичлэг дээрх хүмүүсийг ч шалгасан хэрэгт холбогдолгүй нь тогтоогдлоо. Удахгүй энэ талаар дэлгэрэнгүй мэдээлнэ" гэв.