Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр эрчүүдийн дийлэнх нь бүсгүйчүүддээ цэцэг, үнэртэй ус юмуу чихэр бэлэглэх бодолтой байгааг Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Орос эрчүүдийн гуравны хоёр нь буюу 68 хувь нь ойр дотны эмэгтэйчүүддээ цэцэг өгөх бодолтой байгаа бол 23 хувь нь үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэхээр төлөвлөж байна. Түүнчлэн эрчүүдийн 22 хувь нь амттан, чихэр бэлэглэхийг хүсэж байгаа бол 17 хувь нь эрхийн бичиг, 10 хувь нь бэлэг дурсгалын зүйлс, тоглолтын тасалбар юмуу үнэт эдлэл бэлэглэхийг хүсэж байгаа аж.


Эмэгтэйчүүд юу авахыг хүсэв?

Эмэгтэйчүүдийн хүсэн хүлээж байсан зүйл нь эрчүүдийн бодож байснаас нэлээд ялгаатай байжээ. Тодруулбал, Орос эмэгтэйчүүдийн дийлэнх нь баярын өдөр амралтанд явах эрхийн бичиг бэлгэнд авахыг хүсжээ.  

Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн явуулсан судалгаагаар, эмэгтэйчүүдийн 38 хувь нь аялалд явах эрхийн бичиг бэлгэнд авахыг хүссэн бол эрчүүдийн 3 хувь нь л ийм бэлэг барих бодолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эмэгтэй санал асуулгад оролцогчдын 36 хувь нь цэцэг авахыг хүссэн бол 23 хувь нь тоглолтын тасалбар авахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн байна.

Эмэгтэйчүүдийн хамгийн их авахыг хүссэн бэлэгнүүд дотор эрхийн бичиг, гар утас, планшет, гэр ахуйн хэрэгсэл, үнэт эдлэл, автомашин болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд багтсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС