Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад 50 обьект хамрагдахаас 49 барилга байгууламжийг хамруулсан бөгөөд 38 худалдааны төв, 11 соёл урлаг, үзвэр үйлчилгээний газар хамрагджээ. Шалгалтад хамрагдсан аж ахуй нэгж байгууллагын 18 барилга байгууламж буюу 36 хувь нь барилгын ажлын зургаа Онцгой байдлын байгууллагаар хянуулаагүй зөрчил илэрсэн байна.

Тухайлбал олон хүн нэг дор цуглаж, үйлчлүүлдэг худалдааны төв, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, техникийн үйлчилгээ, ашиглалтын бэлэн байдал бүрэн хангагдаагүй байжээ. Бүр гамшгийн үед тусламж авах орц, гарцаа хүртэл хаачихсан газрууд цөөнгүй илэрсэн гэв.

Нийт 386 зөрчил илрүүлж, 43  зөрчил буюу 11.1 хувийг газар дээр нь арилгуулж,  36  гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлага  14 мэдэгдлийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас уг шалгалтын дүнг хэлэлцээд гал түймэр гарах өндөр эрсдэлтэй, галын аюулгүй байдлын  хууль тогтоомж, дүрэм стандартыг зөрчсөн  Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МВС групп”  ХХК-ийн “Барс-2” худалдааны төв, “Драгон худалдааны төв”, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.