Баянгол дүүргийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнах ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, засаг дарга, ажлын албанынхан болон үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцов. 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Баянгол дүүргийн Тамгын газрын туганд ёслол хүндэтгэлтэйгээр заллаа. Шагналыг үе үеийн удирдлагуудаас гадна дүүргийн 3000 гаруй иргэн оролцож уурхайн түрлэгтэйгээр угтан авав.

Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ. Ингэснээр “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”, Олон улсын Азийн сангаас хийсэн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байр эзэлсэн байна. Энэхүү өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчилсан 150 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлдог байна. 

Ингэснээр Баянгол дүүрэг нийслэлийн хамгийн анхны “Одонтой дүүрэг” болж байгаа юм байна.