МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд Найрамдах Халимаг Улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Бату Хасиковыг томилжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.

Кремлийн цахим хуудсанд мэдээлж буйгаар, Хасиковтой ОХУ-ын Ерөнхийлөгч хэдийнэ уулзжээ.

Халимагийн Ерөнхийлөгч Алексей Орловыг “өөрийнх нь хүсэлтээр” огцруулах шийдвэр гаргасан Путиний зарлигийг Кремлийн хэвлэлийн алба нийтэлсэн байна. 

Өдгөө 38 настай Хасиков хүүхэд насаа Халимагт өнгөрүүлжээ. Тэрбээр Москвагийн Улсын Багшийн Их Сургуулийг дүүргэсэн бөгөөд ОХУ-ын Төрийн Албаны Академид магистрын зэрэг хамгаалжээ. Бату Хасиков бол алдартай тамирчин, нийгмийн зүтгэлтэн юм. Тэрбээр Залуучуудын асуудал эрхэлсэн агентлагийн даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг