Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт нийт 24.803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнээс коронавирус илэрлээ.  

Сүүлд бүртгэгдсэн 8 тохиолдолын гурав нь гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Үлдсэн таван тохиолдол нь Баянгол дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 1, Сонгино-Хайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1 бүртгэгдсэн байна.  Үүнээс ойрын хавьтлын дөрвөн тохиолдол байгаа бол нэг иргэний эх уурхай тодорхойгүй байна. 

Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлалтад авсан.

"Сүүлийн 24 цагт 39 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.

Улмаар Улаанбаатар хотод нийт 2306 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2634, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 3161 тохиолдол боллоо. Тэдний 78 хувь нь эдгэрсэн байна. Одоо нийт 665 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 4, хүндэвтэр 63, хөнгөн 595 хүн байна.