МХЕГ-ын даргын 01/12 баталсан удирдамжийн дагуу хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилгын техник, эрчим хүчний хяналт /цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн/ -ын улсын байцаагчид 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж  байна.

Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.


Шалгалтын дараах 4 төрлөөр хийж буй аж.

1. Шинэ жилийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх;
2. Хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийх;
3. Шинэ жилийн бялуу, кремтэй бүтээгдэхүүн, өндөг, хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг газруудад хяналт шалгалт хийх;
4. Шинэ жилийн хүлээн авалт, арга хэмжээ зохион байгуулж буй ресторан, зоогийн газрууд, олон нийтийн барилга байгууламж, цахилгаан, шингэрүүлсэн шатдаг хийн хангамжид хяналт шалгалт хийх;

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 85 аж ахуйн нэгж, 47 иргэн, нийт 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдлаа.

Шалгалтын явцад 116 зөрчил илрүүлж, 68 зөрчлийг арилгууллаа. 

Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 2 төрлийн 6035 ширхэг, 39 сая 534000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэжээ. 

Хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 ширхэг 1 сая 200000 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн. 

Мөн хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж, хадгалагдаж байсан 9 төрлийн хүнсний будаг, 4 төрлийн чимэглэлийн саа, 3 төрлийн чимэглэлийн үрлэн чихэр, 3 төрлийн 17 кг чанамал, 7 төрлийн 264 кг бялуу, кекний хольц бэлдэц, 1 төрлийн 37 ширхэг шоколад, 2 кг хүнсний концентраци зэрэг нийт 3 сая 391500 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хурааж, 4 ААНБ, 4 иргэнд нийт 4 сая 700000 төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулсан.

Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудад “Шинэ жилийн баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргүүлэн ажиллалаа. 

Хяналт шалгалт 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. 

Зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн мэргэжлийн хяналын хэлтэст өөрийн биеэр болон 70128012 дугаарын шуурхай утсанд цаг алдалгүй өгөхийг зөвлөж байна.

Хяналт шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрч байна. Үүнд:

  • Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй;
  • Дотоодын хяналт хэрэгжүүлдэггүй;
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй,
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй;
  • Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан, шошгод агуулагдах илчлэг, шим тэжээлийн мэдээллийг бүрэн тусгаагүй;
  • Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын мэдээллийг хуульд заасан хэл дээр бичигдээгүй, дагалдах шошгыг мэдээлэл бүрэн бус;
  • Ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй ажилтныг ажиллуулж байсан зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна.

Эх сурвалж: НМХГ