Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.

Улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьсон энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” галын бөх, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын харцага Мягмарын Бадарч тав даван үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Улсын цолтой бөхчүүдээс улсын начин Б.Бадамсүрэн нэгийн даваанд Дундговь аймгийн шинэ начин Ш.Ганбаярт, улсын начин Л.Гантулга аймгийн заан Н.Наранбаярт, улсын начин Бо.Батжаргал аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шорооджээ.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан байна