Бие тэнхээ дор орсон АНУ-ын тэргүүн хатагтай асан Барбара Буш эмчилгээ хийлгэхээс татгалзлаа гэж түүний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Өдгөө 92 настай Барбара Буш нь АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Г.У. Бушийн (эцэг Буш) гэргий бөгөөд 43 дахь Ерөнхийлөгч Жорж У. Бушийн ээж билээ.

“Тэргүүн хатагтай асан гэр бүлийнхэн болоод эмч нартайгаа зөвлөлдсөний эцэст цаашид эмчилгээ хийлгүүлэхээ болих шийдвэр гаргалаа. Одоо түүнийг тайван байлгаж, сайн асарч сувилахаас өөр арга үлдсэнгүй” гэж хэвлэлийн төлөөлөгч Жим МакГрат мэдэгдсэн байна.

Хатагтай Барбара Буш чухам ямар өвчний улмаас бие тэнхээ дор орсон нь тодорхойгүй байна. Гэхдээ тэрбээр өнгөрсөн онд уушгины архаг өвчин болоод зүрхний дутагдлын улмаас хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байсан юм.

1989-1993 онд АНУ-ын тэргүүн хатагтай байсан Барбара Буш, түүний нөхөр Жорж Г.У. Буш нар энэ оны нэгдүгээр сарын 6-нд хуримын 73 жилийн ойгоо тэмдэглэсэн гэнэ.

Барбара Буш нь АНУ-ын түүхэнд нөхөр болоод хүүгээ ерөнхийлөгчийн тангараг өргөхийг үзсэн цорын ганц эмэгтэй юм. Тус улсын хоёр дахь тэргүүн хатагтай Абигаил Адамс (Жон Адамсын гэргий) хүү Жон Квинси Адамсыг 1824 онд ерөнхийлөгч болохын өмнөхөн нас нөгчсөн аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг