Тайландын томоохон хоёр банк цахим халдлагад өртөж, 120 мянга гаруй хэрэглэгчийн мэдээлэл хулгайд алдагдсан гэж тус улсын төв банкнаас өчигдөр албан ёсоор мэдээлсэн байна.

Цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахаа амлаад байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон Буддын шашинтнуудын мацаг барих баярын үеэр тус улсын “Касикорн” болон “Крунг Тай” банкууд цахим халдлагад өртсөн ажээ.  Гэсэн хэдий ч халдлагад өртсөн банкуудын аль алинд нь сэжигтэй гүйлгээ хийгдээгүй байгаа юм байна.

“Халдлагыг үйлдсэн хакерууд халдлага үйлдэх өндөр технологийг ашиглаж цахимаар зээл авах хүсэлт гаргасан 20 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авсан байна” гэж “Крунг Тай” банкны ерөнхийлөгч Паёнг Сринавич мэдэгджээ.

Банкны цахим хуудсанд зээл авах хүсэлт гаргасан хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбар болон орлогын талаархи мэдээлэл, банкны тодорхойлолт зэрэг бүртгэлийн мэдээлэл байсан байна.

“Мэдээллийг хулгайлж байж болзошгүй сэжиг бүхий үйлдэл илэрсэн даруйд банкны мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд цахим халдлагыг зогсоосон” гэж П.Сринавич нэмж хэлжээ.

“Касикорн” банкны ерөнхийлөгч Пипит Анеакнитхигийн мэдэгдсэнээр, хакерууд цахим банкны үйлчилгээ ашигладаг 3000 гаруй хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан ажээ. "Хакеруудыг манай улсын иргэд байх хэмээн таамаглаж байгаа бөгөөд цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд банкны дотоод мэдээллийн санд нэвтэрсэн даруй нь зогсоосон" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Тэдний хулгайлсан мэдээлэлд хэрэглэгчдийн ажилладаг компанийн нэр хийгээд холбогдох утас зэрэг багтаж байгаа бөгөөд сэжигтэй гүйлгээ одоогоор хийгдээгүй байна гэж П.Анеакнитхи мэдээлсэн байна. Мөн тэрбээр мэдээлэл нь алдагдсан хүмүүст нөхөн олговор олгохоо амласан ажээ.

“Интернэтэд суурилсан дэвшилтэт технологи ашиглах үед дэлхийн хэмжээнд нүүрлээд буй цахим халдлагын аюулаас сэрэмжлэх үүднээс цахим аюулгүй байдлыг илүү өндөр түвшинд хангах шаардлага үүсч байна” гэж Тайландын банкуудын холбооны ерөнхийлөгч Предее Даочай мэдэгдсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг