Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойг угтан Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын зоос судлалын холбоотой хамтран “Банкны хөгжил-95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гаргалаа.

Үзэсгэлэнд 800 гаруй жилийн өмнөх Монголчуудын хэрэглэж байсан алт, мөнгөн зоосноос эхлээд Манж Чин улсын үеийн мөнгөн ембүү, Ардын хувьсгалын эхэн үе, Богд Хаант Монгол Улсын анхны цаасан мөнгөн тэмдэгт, 1925 оноос хойш өнөөг хүртэлх үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн загвар, хийц хэрхэн өөрчлөгдөж ирснийг олон нийтэд толилуулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын орчин цагийн банк, санхүүгийн салбарын үүсэл хөгжилтэй холбоотой баримтат гэрэл зураг, түүхэн баримт бичиг, санхүүгийн салбарт хэрэглэж байсан техник, хэрэгслүүд, Монголбанкнаас гаргаж байсан дурсгалын зоос, 1990-ээд оноос хойш банк, санхүүгийн салбарт ашиглаж эхэлсэн анхны пос машин, Монгол Улсад анх удаа илрүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгт зэрэг сонирхолтой олон үзмэрийг дэлгэжээ.