Дундговь аймгийн прокурорын газраас ээдрээ төвөгтэй, олон хохирогчтой, хүнд гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүллээ. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ч.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ш.Б-тай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Г-г хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Дундговь аймгийн М.М нь 2014-2016 оны хооронд Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа  албан тушаалын байдлаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 01 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан тус банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн хэрэгт тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.М-г залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна" гэж Дундговь аймгийн прокурорын газраас мэдээллээ.