Тайланд улсын нийслэл Бангкок хотын төвд танхай залуусын хоёр бүлэглэлийн хооронд буудалцаан болох үеэр гадаадын хоёр жуулчин хүн тэнэсэн суманд оногдож амиа алдаж, гурван хүн шархадсан тухай “Nation” сонинд мэдээлжээ.  

Жуулчид амиа алдаж байсан ийм буудалцаан урьд өмнө Бангкок хотын төвд болж байгаагүй юм. 

Автомат буу ашиглан буудалцсан хэрэг бямба гарагийн орой 20 цаг 30 минут орчимд Бангкок хотын аялал жуулчлал болон худалдааны дүүрэг болох Прату Нам дүүрэгт оршдог “Centara Watergate Pavillion” зочид буудлын дэргэд гарсан байна.

Буудалцааны үеэр Энэтхэг болон Лаос улсаас ирсэн жуулчид хүнд шарх авч, хэргийн газраас хүргэгдсэн эмнэлэгт нас баржээ. Мөн Энэтхэгийн нэг жуулчин, Тайландын хоёр иргэн сумны шарх авсан боловч амьд үлдсэн байна.

Дээрх хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нарын хэлснээр, танхай залуусын хоёр бүлэглэл зочид буудлын зэргэлдээ оршдог клубт снукер биллиард тоглож байхдаа маргалдаж, улмаар буудалцжээ. Буудалцаанд оролцсон залуучууд бүгд хэргийн газраас зугтсан бөгөөд цагдаа нар тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг