Балба эмэгтэй "сарын тэмдгийн овоохой" руу цөлөгдсөний дараа хоёр хүүхдийн хамт амиа алдсан нь олджээ. 

Бүсгүй 2 хүүтэйгээ өвлийн хүйтэнд дулаацахын тулд гал асааж дулаацсан аж. Харамсалтай нь тэд унтаж байхдаа угаартаж амиа алдсан гэж албаныхан урьдчилсан дүгнэлт гаргаад буйг BBC Балба мэдээлэв.

Сарын тэмдгийн үеэр эмэгтэйчүүдийг гэрээ орхих уламжлалт зан үйлийг Балба улсад 2017 оноос хориглосон боловч хөдөө орон нутагт тус зан үйл (chhaupadi гэж нэрлэдэг) амь бөх оршсоор байна.

Энэ эмгэнэлт явдал нь анхных биш  бөгөөд үүнээс болж өсвөр насны охин могойд хазуулан нас барсан тохиолдол ч бүртгэгджээ. Эрт дээр үеийн Хиндуизмтай холбоотой ёс заншилаар, сарын тэмдэг нь ирсэн эсвэл дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг ариун биш гэж үзэн, азгүйтэл авчирдаг хэмээн гэрээс тусгаарлан, урц эсвэл үхрийн саравчинд байлгадаг гэнэ.

Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ үхэр болон эр нөхөртөө хүрэх эрхгүй бөгөөд зарим хоол хүнс, бие засах газар, угаалын өрөөгөө ч ашиглахыг нь хориглодог. Үүнээс болж балба бүсгүйчүүд өвлийн тэсгим хүйтэнд даарч, гэмт халдлагад өртөх эрсдэлтэй тулгардаг ба залуу охид сургуульдаа явж чадаггүй гэнэ.

Уг ёсыг үйлдэн баригдсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд гурав хүртэлх сар хорих ял оноохоос гадна 27 долларын төлбөр төлөх шийтгэл хуулиар оноодог. Тийм учраас тус ялыг улам чангатган, хуулийг дагаж мөрдөхийг нийгмийн идэвхитэнүүд уриалж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/