Гэртээ зөвшөөрөлгүйгээр хэрэглэж байсан хийн газ нь дэлбэрч, хоёр иргэн түлэгдсэн хэрэг энэ сарын 14-нд гарчээ.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай "Нэг ноцтой дуудлага ирсэн нь долдугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 44 дүгээр байрны нэгэн айлд хийн газ дэлбэрч, байрны эд хогшил эвдэрч, хоёр иргэн нь түлэгдсэн. 

Дуудлагын дагуу НМХГ-ын холбогдох байцаагч газар дээр нь очиж ажиллахад тухайн байрныхаа шалыг доошоогоо цөмөлж, зөвшөөрөлгүйгээр тэр газраа газаа хэрэглэж байсан нь шалгалтаар илэрсэн. Иймд манай байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох хуулийн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт харьяаллын дагуу шилжүүлсэн. 

Иргэд зориулалтын бус байранд, зөвшөөрөлгүйгээр хийн газыг ахуйн орчиндоо хэрэглэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг НМХГ-аас онцгойлон анхааруулж байна" хэмээн мэдээллээ.