Улсын Их Хурлын Байнгын хороод өчигдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо

Төрийн байгуулалтын байнгын хороо 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаж Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг томилох тухай асуудлыг хэлэлцсэнээр хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь буюу 92.3 хувь нь дэмжив.

Мөн тус байнгын хороо УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилох тухай хэлэлцэж, 92.3 хувь нь дэмжлээ.

Төсвийн байнгын хороо

Төсвийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар, УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар,  УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилуулах тухай саналыг тус тус хэлэлцэж, хуралдаанд оролцогчид гурвууланг нь 100 хувийн саналаар дэмжлээ.  

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтран 51.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах саналыг хэлэлцэж хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 95.8 хувь нь дэмжлээ. 

Мөн тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналыг хэлэлцэн 92.6 хувь нь дэмжив.  

Эдийн засгийн байнгын хороо

Эдийн засгийн байнгын хороо 63.2 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Баделханыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар томилуулах саналыг хэлэлцэн гишүүдийн 93.3 хувь нь түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилуулах, мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилуулах Ерөнхий сайдын саналыг тус тус хэлэлцэж, хуралдаанд оролцогчдын 93.8 хувь нь хоёуланг нь дэмжлээ. 

Хууль зүйн байнгын хороо

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 73.8 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 68.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар юм.

Дараа нь Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг томилуулах тухай саналыг хэлэлцэж мөн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Байнгын хороод хуралдаж, Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэн, нэр дэвшиж буй бүх гишүүдийг дэмжлээ. Тиймээс өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ.