УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх маргааныг хүлээн зөвшөөрч чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дээрх маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан тавдугаар сарын 13-ны өдөр болсон бөгөөд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцсон юм. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд тус дүгнэлтийн талаар танилцууллаа.


Иргэнээс 2014 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар асуулт асууж, тус маргааныг хянан хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Я.Содбаатараас хариулт, тайлбар авав. Ингээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь буюу 54.5 хувь нь дэмжлээ.