“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Foundation төрийн бус байгууллагаас Алтай таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчийг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклиор хангажээ.

Мотоциклиудыг энэ сарын 02-нд Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд гардуулан өгчээ. Тус арга хэмжээнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал, ТХНУГ-ын мэргэжилтэн Б.Жавзандулам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон гадаад, дотоодын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нар оролцсон байна.

Энэ үеэр “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын нэрэмжит Хүндэт тэмдгээр, мөн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнажээ.