Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд тусгасан бодлогын гол арга хэмжээнүүдээ танилцууллаа.


Түүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. 

- Борлуулалтаа нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ.

- Экспортын бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв тодорхойлж татварыг бүрэн хураадаг болно.

- Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно. 

- Хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулсан эрүүл мэндийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх болно.  

- Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна. 

- Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр, анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийнэ. Ингэснээр сургуулиудын бүлэг дүүргэлт нэмэгдэж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, суралцагчийн сурлагын чанарт ахиц гарна. 

- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна.

- Их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

- Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой. Эмч, сувилагчдын цалин  хөлсийг  үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж, багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.  

- Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах, мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна.

- Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Төрийн бүх шатны байгууллагын орон тоонд хяналт тавьж, давхардсан болон илүүдэл орон тоог бууруулах зэргээр цалин хөлсний оновчтой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж зардлын өсөлтийг тогтворжуулна.

- Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд  шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ.

- Өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойг  бэлчээрийн хүрэлцээтэй уялдуулахын зэрэгцээ орон нутагт төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгоно.

- 2021 онд  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

- Зарим сургууль, цэцэрлэгийн болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлнэ.