Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан билээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя" хэмээгээд ирэх даваа гарагаас ажил хаялтыг зогсоохыг хүссэн юм.

Мөн тус уулзалтаар МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулсан байна.

Цалин нэмэх асуудлаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар гаргажээ.

Тус тушаалд:

"Багш нарын нормоос давсан, ажлын ачааллаас шалтгаалсан нэмэгдэл олгох тухай журам, ажлын үр дүнгийн улирлын урамшууллын олголтод хяналт тавьж, дүгнэлт гаргах, багш нарын цалинг 2018 онд 15 хувиар нэмэгдүүлэх болон 2019 онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийж, боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай" гэжээ.

Тушаалд дурдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрийн 11.00 цагаас БСШУС-ын яаманд ажиллаж эхэлжээ.