Батчулууны Чимэдлхам "Хүмүүн" номын редакцийн эрхлэгчээр ажилладаг. Өдгөө Германы Эрфурт хотод амьдарч суралцаж байна.


Багш нар цалингаа нэмүүлье гэцгээв. Цалинг нь нэмье. Харин оронд нь шударга ёс, ёс зүй хаана байдгийг бидэнд үзүүлээд өгөөч.
Нэг сурагчийн, нэг оюутны дүнг амьдралдаа засаж үзээгүй, ахиулж тавиагүй, дарж доошлуулаагүй нэг багш монголд байдаг болов уу. Өнөөдрийн бидний нийгмийн байдал өнгөрсөн 25 жилийн багш нарын үнэн төрх мөн үү. Бид цалингийн оронд багшийн ёс зүй, шударга ёсны талаар ярих болсон санагдана. Азийн орнуудад эцэг эх багшид харьцангуй хүлээцтэй ханддаг. Багшийг хүндэтгэж, хүүхдийг нь загнасан, алгадсан байвал дуугүй өнгөрдөг талтай. Энэхүү байдлыг ашиглаж сурагчдаа ялгадаг, уураа гаргадаг, зандарч загнадаг, үүнийгээ хүмүүжил гэж ойлгодог, ангиа хорих газар мэт байлгадаг багш нар үй түмээрээ байна. 

Бид ийм багш нараа яах вэ, багш нарын ажлын чанар, ёс зүй, үр дүнг яаж зөв үнэлж дүгнэдэг болох вэ? 

Багш гэдэг хүүхдэд дураараа хандаж болдог эрх мэдэл биш. Ил цагаан хээл хахууль, зусардалт боловсролын салбарт журам болон гарч байхад үүний эсрэг хэдэн багш дуугарч байна вэ?
Ил цагаан хээл хахуулийн нэг жишээ нь энэхүү журам юм. Боловсролын яам яаж нэг пүүс компанид улаан цайм давуу тал олгож байгааг эндээс харж болно. Цэцэрлэгийн хүүхдийн авчрах бүтээгдэхүүний жагсаалтанд бүр нэрийг нь заажээ. Colgate, Fairy, Double A, Protex... Энэ бол миний яриад байгаа шударга бус явдлын хамгийн жижиг жишээ. Fairy аюулгүй бүтээгдэхүүн болохыг хэн баталсан юм бол? Жилд хэдэн мянган хүүхэд цэцэрлэгт орж, хэдэн мянган Colgate, Fairy зарагдах вэ, 

Яагаад энэ бүтээгдэхүүнийг боловсролын яам илүүд үзэх болов? 

Нэг компанийн бизнес нэг айлын өрхийн санхүүд хүндрэл учруулах боломжтой. Хэрвээ боловсролын яам шударга үнэний талд зогсдог байсан бол энэ мэт бүтээгдэхүүнийг өөрийнхөөрөө сонгох боломжийг эцэг эхэд олгох байсан юм. Энэ бол нэг бүтээгдэхүүний тухай биш энэ мэт дүрэм журам баталдаг, үүнийгээ зөв гэж боддог, үүнийг дэмждэг, үүнд оролцдог яамнаас аваад цэцэрлэг хүртэл бүх шатны БОЛОВСРОЛЫН байгууллагын тухай юм. Тэнд хэн ажилладаг вэ. Уг нь хэн хэний төлөө дуугарах ёстой вэ.