Төв талбайд 10 мянган багш цуглаж, өөрсдийн дуу хоолойгоо төрд хүргэхээр уриа лоозон барин жагсаж байна. Тэд багш нарын цалинг 1.200.000 -1.600.000 төгрөгт хүргэх шаардлагыг тавиад байгаа юм. Нийслэлд өрнөсөн багш нарын цуглаан орон нутгуудад ч хүрээгээ тэлсэн байна. Одоогоор Хөвсгөл болон Увс аймгийн багш нар орон нутгийн удирдлагууддаа дуу хоолойгоо хүргэхээр жагсаж байгаа. Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Н.Учрал жагсаалд оролцож багш нарыг дэмжихээ илэрхийллээ. Тэрбээр Залуу багш нарын холбооны тэргүүний сонгуульт ажилтай.


Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга Ж.Батзориг

-Цалингийн хэмжээг судалгаан дээр үндэслэж шаардаж байгаа юу?

  • Багш нарын амьдралын наад захын хэрэгцээг хангахад 1,6 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Багш болохоор бага цалинтай ажиллах ёстой гэсэн үг биш шүү дээ. Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа дээд боловсролтой иргэдийн хамгийн бага цалинтай нь л багш . Энэ байдлыг нэн даруй өөрчилж яаралтай засахгүй бол улсын хөгжлийн ирээдүйд маш том сэв сууна. Тэгэхээр Төр барьж байгаа хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй цаг үе нь болсон .

-Нийгэмд ямар нэгэн асуудал болохоор жагсдаг үзэгдэл ихэссэн. Жагсаал шийдэлд хүрэхгүй тохиолдол их байдаг?

  • Бид үр дүнд хүртэлээ тэмцэнэ. Манай жагсаал өргөжвөл 20 мянган багш манай гишүүнчлэлтэй. Тэд бүгд нэгдэнэ. Бид тэмцэлээ үргэлжлүүлсээр байх болно. Энэ удаад багш нарыг хуураад аргалаад өнгөрнө гэж байхгүй.


Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн багш Г.Наранбаатар


-Та цалин хэдийг авдаг вэ. Статистикийн судалгаагаас харахад багш нар дундаж цалинтай санагдсан?

  • Хамгийн дээд хэмжээгээр цалинждаг. 30 гаруй жил ажилласан, удаан жил болсон гэдгээрээ 608 000 төгрөг гар дээр авч байна. Анги даасны 10 хувь, зэргийн 10 хувь нэмэгддэг. 2013 онд өмнөх Засгийн газрын үед багш нарын цалин нэг удаа нэмсэн. Тэрнээс хойш таван жил болж байна Энэ хооронд имфляци өссөн. Тэр үед доллар 1200 байсан өнөөдөр 2500 болсон. Тийм учраас цалин хөлсний асуудал үнэхээр тулгамдсан асуудал. 


Баянгол дүүргийн 13-р сургуулийн багш О. Алтанцоож


-Эсэргүүцлийн жагсаалд та бүхэн хэдүүлээ нэгдэж ирсэн байна?

  • Манай сургууль 150 гаруй багштай. Өнөөдөр сургуулиасаа нэлээд олуулаа ирлээ. Манай дүүргийн багш нар ч мөн нэгдэж ирсэн.

-Та гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

  • Гар дээр бэлэн ирдэг нь 450 мянган төгрөг. Би боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байна. Ажилсан жилээсээ хамаарч 5-10 хувийн нэмэгдэл үндсэн цалин дээр ирдэг. 


Барилгын коллежийн багш Х.Нарангэрэл


-Төр ямар нэгэн нааштай хариу ирүүлэхгүй бол та бүхэн яах вэ?

  • Багшийн цалинг хүний амжиргаанд хүрэхүйц хэмжээнд хүргэхийг л бид зорьж энд зогсож байна. Өнөөдрийн үйл жиллагааг төр засаг анхаарлаа хандуулж энэ үйл ажиллагааг айхтар хүндрүүлэлгүй, нааштайгаа шийдвэрлээсэй гэж хүсч байна. Бид ажлаа хийгээд л хүүхдүүддээ хичээлээ заагаад явмаар байна. Өнөөдөр 30 гаруй жил ажиллачихаад үр хүүхэддээ өв биш өр үлдээгээд тэтгэвэртээ гарч байгаа тохиолдол олон багшид тулгарч байгаа. 

Налайхын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш М.Баярсайхан 

  • Өнөөдөр Ерөнхий эрдмийн багш нар, мэргэжил сургалт үйлдвэрийн багш нар энэ жагсаалд нэгдэж байна. Бид тэмцэлээ бүхий л хэлбэрээр үргэлжлүүлнэ. Гэхдээ хурц хэлбэрээр биш тайван замаар бид тэмцэсээр байх болно. Энэ удаад бүх багш нар нэгдсэн. Сүүлийн 10 жил болоогүй жагсаал багш нарын тэмцэл болж байна.Тиймээс үүний улам өргөжүүлж тууштай байх болно.