Монголын боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх багш нарын суулт жагсаал цуглааныг зохион байгуулж байна.

Өнөөдрийн суулт цуглаанд оролцогч багш нар өөрсдийн дуу хоолойг чанга яригчаар ээлжлэн хүргэж байлаа Цуглааныг зохион байгуулагчдаас ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэл багш нарт байхгүй гэдгийг илэрхийлж байв. Ажил хаялтын хүрээнд тавьсан шаардлагыг талууд зөвшилцөлд хүрвэл ажил хаялт зогсож хүүхдүүд хичээлдээ явах боломж бүрдэнэ гэлээ. Талууд өнөөдөр уулзаж байгаа аж.

Энэхүү ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж буй бөгөөд нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа аж. Мөн ажил хаялтад оролцож буй сургуулиудыг болон багш нарыг дарамтлахгүй хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ч онцолж байлаа. Суултад оролцогч багш, ажилчид цалинг бодитоор нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Тэд салбарын сайд нь гадаадад томилолттой, холбогдох албан тушаалтнууд тэднийг хүлээн авч уулзахгүй байгаа гэв.

Тэд "цалин нэм, цалин нэм, цалин нэм..." хэмээн нэгэн зэрэг шаардлага тавьж байсан юм. Хойд Солонгосын барилгын ажилтан 500 ам.доллар авч байхад манай багш 200 ам.долларын цалинтай гэж хэлж байлаа.

Цуглаанд оролцогчид болон Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын ажил хаялтыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт шаардлага хүргүүлж байгаагаа сонордууллаа.

Уг шаардлагад, 2018 оны есдүгээр сарын 03-ны өдрөөс Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын хугацаагүй ажил хаялтанд төв, орон нутгийн 130 гаруй сургууль цэцэрлэг оролцож байна. Бид цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд дараах шаардлагыг хүргүүлээд байгаа. 

Үүнд:

1. 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсадын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,

2. 2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсадын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох

3. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

4. Ажил хаялтанд оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.

Уг шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг шаардсан байна.