"Брүүклин Нэтс" багийн эзэн болох Оросын тэрбумтан Михайл Прохоров "Алибаба"-г үүсгэн байгуулагчдын нэг Жосеф Цай гэх тэрбумтанд багийнхаа 49 хувийг худалджээ. Худалдан авах гэрээнд нэгэн нэмэлт заалт тусгаж өгсөн бөгөөд тэр нь ирэх 4 жилийн дотор Жосеф Цайд багийн дийлэнх хувьцааг зарж, багийн удирдлагыг бүрэн шилжүүлж өгнө гэсэн заалт юм.

"Брүүклин Нэтс" баг одоогийн байдлаар 2.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй байгаа. Гэвч Жосеф Цайд хэрхэн үнэлж зарсан нь одоогоор тодорхойгүй байна.
Ирэх дөрвөн жилд "Брүүклин Нэтс" багийг Михайл Прохоров удирдсаар байх боловч тус хугацаанд багийн бүх эрх мэдлийг Жосеф Цайд шилжүүлэн өгөх бэлтгэл ажил давхар явагдах юм.

Өнгөрсөн долоодугаар сард "Хьюстен Рокетс" баг 2.2 тэрбум ам.доллароор зарагдсанаар NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр зарагдсан баг болсон.

NBA 2014 онд телевизүүдтэй 24 тэрбум ам.долларын шинэ гэрээ үзэглэсэн нь багуудын үнэлгээ нэмэгдэх нэг шалтгаан болсон бөгөөд зарим багийн эзэд энэхүү боломжийг ашиглаж багаа худалдахыг илүүд үзэж байна.

Эх сурвалж: SPS