Бэлгийн боловсрол нь эцэг эх, хүүхдүүдийн дунд өрнөх ёсгүй хориотой сэдэв үү эсвэл уу заавал ярилцах ёстой асуудал уу?

Манай эцэг эхчүүд энэ талаарх сэдвийг хаалттай байлгаж ирсэн бичигдээгүй хууль бий. Үнэндээ нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр мэдээлэлд ойртсон шинэ үеийнхэн сексийн талаарх ойлголтыг харьцангуй эрт мэдэж авдаг болсон билээ. 

Судалгаанаас үзвэл хүүхдүүдтэйгээ нээлттэй, чөлөөтэй ярилцдаг гэр бүлд өссөн хүүхдүүд буруу зуршилтай болох, бусдын нөлөөнд автах, өсвөр насанд жирэмслэх нь маш бага байдаг аж. Хамгийн гол нь хэдэн насанд нь хэрхэн тайлбарлаж ойлгуулах нь чухал юм.

Хүүхдэд хэдэн нас хүрэхэд нь ямар сэдвийн талаар ярилцах хэрэгтэй талаар хүргэе.


/2-5 нас/ бусад хүмүүс хүрэх ёсгүй хэсгүүдийг нь нэрлүүлж сурга

Хүүхдүүд 2-5 насандаа хүйсийн онцлогоо мэдэрдэг. Энэ насанд нь бэлэг эрхтний тухай зөв ойлголт өгч, зөв нэршлийг зааж өгөхөд тохиромжтой үе.

Мөн өөрийнхөө биед төдийгүй бусдын биеийн хүрч болохгүй хэсгийг зааж өгөх ёстой. Тухайлбал хөх, өгзөг, бэлгэ эрхтэн, уруул зэрэг хүрч болохгүй хэсгүүдийг зааж тайлбарлаж өгөөрэй. Ингэхдээ хүүхэдтэйгээ хүүхэлдэйгээр тоглонгоо энгийн яриагаар дамжуулах ойлгуулах нь үр дүнтэй.


/6-8 нас/ Насанд хүрэгчдийн бичлэг хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг

✔ Энэ наснаас эхлэн эцэг эхчүүд дижитал оройн орчныг хэрхэн аюулгүй ашиглахыг зааж өгөх нь чухал. Танихгүй хүнтэй зурвас бичиж, зураг бичлэг явуулж нь эрсдэлд орох аюултай тул цахим хэрэглээнд нь хяналт тавих илүүдэхгүй. Насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай контентийг нийгмийн сүлжээнд байрлуулсан байдаг. 

✖ Энэ төрлийн бичлэг хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх аюултай. Цаашлаад оюун сэтгэлгээг нь гэмтээж, гаж буруу зүйлд уруу татах сэдэл төрүүлдэг байна. 

Насанд хүрэгчдийн контент эрт үзсэн хүүхдүүд бэлгийн харилцааны тухай буруу ташаа мэдээлэлтэй болж, улмаар хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, донтох зэрэг асуудалтай учирдаг. Хүүхдэдээ хэн ч түүний биед зөвшөөрөлгүйгээр хүрэх, халдах учиргүй гэдгийг маш сайн ярилцаж ойлгуулаарай.

Иймд хүүхдийнхээ компьютер, таблет, гар утас зэрэгт насанд хүрэгчдэд зориулсан агуулгыг блоклох программууд суулгаарай. /Энд дарж үзнэ үү/


 Мөн энэ насанд бэлгийн хүчирхийллээс сэргийлэх тухай ойлголтыг өгөхөд тохиромжтой гэж үздэг.  Ингэснээр хүүхэд өөрийгөө болзошгүй эрсдэлээс хамгаалж, хүчирхийлэлд өртсөн найзууддаа хэрхэн тусалж зохих газар нь мэдээлэх ёстойгоо мэдэж авдаг. 

Хүүхдийн энэ насанд нь бэлгийн боловсролыг сууриас нь эхэлж заах хэрэгтэй. Хүүхдийн ойлгох түвшинд ярихын тулд хүмүүс эхлээд нэгнээ хайрлаж, хүндэтгэж, эрүүл харилцахаас бүх зүйл эхтэй гэдгээс эхлээрэй. 


/ 9-12 нас/ Шилжилтийн насыг нь тайвнаар давахад нь тусалж, ярилц

Аль болох хүүхдийнхээ сэтгэл санааны байдал, хүсэл зорилго, мэдрэмжийг нь хуваалцаж, нээлттэй ярилцах хэрэгтэй. Шилжилтийн нас учраас бэлгийн бойжилт явагдаж, биеийн хэлбэрт өөрчлөлт орж, сэтгэл санаа тогтворгүй болж, амархан уурлаж гомдоно. Дааврын нөлөөгөөр сэтгэл хөдлөл нь тогтворгүй болж, ойлгомжгүй байдлууд үүсдэг энэхүү үеийг тайвнаар давахад тусалж, сайтар ярилцаарай. 

Интернет, цахим орчинд их цаг зарцуулах хандлагатай байдаг өнөө үеийн хүүхдүүдэд заавал анхааруулж хэлэх зүйл бол цахим аюулгүй байдал юм. 

Танихгүй хүмүүстэй зурвас бичиж, холбоо тогтоох, зураг, бичлэг солилцох нь хууль бус зүйлийн хохирогч болох магадлалтайг анхааруулж хэлэхэд илүүдэхгүй.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр секс, бэлгийн харьцааны талаар мэдээллүүд гардаг ч  өнгөц эсвэл дэвэргэсэн байдлаар дүрслэх нь түгээмэл. Иймээс насанд нь тохирсон бэлгийн боловсрол олгох яриа өрнүүлэхэд гэмгүй. Мэдээж аав ээжүүдэд амаргүй санагдах вий. Гэсэн хэдий ч энэ талаар мэдээлэл өгөх нь хүүхэд олон эрсдэлд өртөхөөс сэргийлдэг.


/13-18 нас/ Өсвөр насны хүүхдэдээ бэлгийн боловсролд анхаар

Багаас нь нээлттэй ярилцаж, итгэлтэй ярилцаж сурсан бол хүүхэд эцэг эхээсээ энэ сэдвээр ичиж, санаа зовохгүй ярилцаж чаддаг.  Хэрвээ бэлгийн харьцааны талаар өсвөр нас хүртэл нь ам нээгээгүй бол энэ асуудлыг ярих амаргүй байх нь мэдээж. 

Өсвөр насанд нь хүүхдэдээ хэрхэн аюулгүй бэлгийн харьцаанд орох, жирэмслэлтээс хамгаалах ямар аргууд байдаг, хамтрагчаа сонгохдоо юуг анхаарах тухай ярилцахад тохиромжтой байдаг гэнэ.

Бага насандаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон алдартнууд сэтгэл зүйн хүнд асуудлуудтай тулгарч, даван туулахад хэр их цаг хугацаа зарцуулж байснаа ам нээсэн байдаг. Дуучин Лэйди Гага 19 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд энэ талаараа “Бэлгийн хүчирхийлэл бол зөвхөн бие махбодийн хохирол биш. Энэ бол сэтгэл зүйн онц ноцтой гэмтэл” гэж хэвлэлд ярьж байв. Түүнд сэтгэцээр хэвийн болоход асар их хугацаа, сэтгэл заслын эмчилгээ шаардсан тухайгаа ч ярьсан удаатай.

Хэрвээ бэлгийн харьцаанд орохоор шийдсэн бол ямар ч дарамт шахалт, хүчирхийлэл байх ёсгүйг эцэг эх та заавал анхааруулаарай. Нууцлагдмал сэдвийг зөв насанд нь ухаалгаар ярилцсанаар та хүүхдээ хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн хүчирхийллээс сэргийлдэг чаддаг юм шүү.

Барууны улс орнуудад дээрх арга барилыг зөвлөдөг бол Ази эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын сэдэв хаалттай байдаг. Монголд гэлтгүй бусад Азийн улс орнуудад ч нийт эцэг эхчүүдийн 55 хувь энэ талаар ам нээхээс ч эмээдэг талаар "Wall Street Journal" хэвлэлд дурджээ. Нөлөөгөөр нь бэлгийн боловсролын талаарх хэвшмэл ойлголттой өсдөг байна.

 +18 контентийн агуулгад эмэгтэй хүнийг доромжилж, дээрэлхсэн өнгө аястай тул хөвгүүдийн бусадтай харилцаанд сөргөөр нөлөөлж, эмэгтэй хүнийг хүндлэхээ больж, бүдүүлэг араншин гаргаж болзошгүй байдаг. Охидын хувьд хамгаалалтгүй бэлгийн харилцаанд ороход нөлөөлдөг гэж үзжээ.

Тэгвэл хүүхдийнхээ зочилж буй цахим сүлжээнээс хэрхэн порнографик, ёс бус контентийг нуух вэ? 

  1. Хайлтын хөтчийг нь Google болгон тохируул

  2. Аюулгүй хайлтын систем (Safe Search) тохиргоог сонго. Ингэснээр Google-ийн илэрцэд хяналт тавьдаг. 

  3. Гар утасны Google аппликэйшнээ нээгээд тохиргоо хэсэгт байрлах аюулгүй хайлтын систем доторх үр дүн шүүх (Filter explicit results) командыг дарснаар аюулгүй сайтаар зочилсон эсэх түүх нь харагддаг

  4. Тодорхой давтамжтайгаар хайлтын түүхийг нь шалгаж байх

     

Эх сурвалж: Parent Today, Wall Street Journal, Unicef