Сүүлийн үед бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг ээлж дараалан гарч нийгмийг цочроох болсон. Өнгөрсөн онд гэхэд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 238 буюу 48,3 хувь хүүхдийг хүчирхийлэл байсныг албаныхан хэлж байна. Хамгийн харамсалтай тохиолдлуудын ихэнх нь буюу 80 хувь нь ураг төрлийн хүмүүс. Итгэж найдаж явдаг хүмүүсийн маань дунд л цэцэг цэврүү шиг нялх охидыг маань хомхой хүслээр хардаг болохыг судалгаа ч баталжээ. Гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан гээд тоо томшгүй олон шалтгаан хөвөрнө. 

Дэлхийн улс орнууд хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр ерөнхийдөө хатуу бодлого баримталдаг. 

Хамгийн чанга хатуу нь Иран, Саудын Араб зэрэг улс юм. Эдгээр улсад хүүхэд хүчирхийлсэн этгээдийг чулуудаж эсвэл дүүжилж амь насыг нь хөнөөж шийтгэл оноодог байна.

Харин Австрали, Аргентин, Швед зэрэг улсад химийн аргаар тайган болгох аргаар хэрэгтнүүдийг шийтгэдэг.

Химийн аргаар хөнгөлөх гэдэг нь албадан шийтгэл юм. Тариа, эсвэл эм хэрэглэснээр бэлгийн дур хүсэлгүй болдог. Нэлээн олон улс энэ аргыг хуулиараа хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж буй. Гэхдээ химийн аргаар тайган болгох буюу хөнгөлүүлсэн гээд ялаас мултрана гэсэн үг биш юм. Шоронд сууж ял үүрнэ, тайган ч болно гэсэн үг.

Солонгос

БНСУ хоёр жилийн өмнө химийн аргаар хөнгөлөх шийтгэлийн хамрах хүрээг өргөжүүлэхээр хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан юм. Ингэснээр бусдыг хүчирхийлэхийг завдсан, мөн гэмт үйлдэл нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон бол уг хуулиар шийтгүүлнэ. Гэхдээ уг шийтгэлийг Өмнөд Солонгост  анх 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тухайн үед олон нийтийг цочроосон цуврал хүчингийн хэрэг гарсантай холбоотойгоор ийм хууль баталсан нь Азидаа анхных байжээ.


Казахстан

Казахстанд бага насны хүүхэд хүчиндсэн этгээдийг хөнгөлдөг. Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев уг тариа худалдан авахад зориулагдах 25 мянган ам.долларын санхүүжилтийг батлаж байсан удаатай.


Австрали

2010 онд химийн аргаар хөнгөлөх шийтгэлийн оногдуулж эхэлсэн.


Орос 

ОХУ-ын Эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 8-15 жил, хохирогч хүчирхийллийн улмаас амиа алдсан бол 12-20 жил хоригддог. 16-аас доош насны хүүхдийг хүчирхийлсэн бол зүйл анги нь 10 хүртэл жилээр 12-оос доош бол 15 жил нэмдэг болсон.

2011 оноос 14-өөс доош насны хүүхэд хүчирхийлсэн этгээдийг агталдаг болжээ. Мөн уг хэрэгтэнд хугацаанаасаа өмнө суллах, өршөөлд хамрагдах боломжгүй байхаар заасан байна.


Польш

2009 онд 5-аас доош насны хvvхдийг хүчиндсэн этгээдvvдийг албадан химийн эмчилгээнд оруулж тайган болгох хууль гаргасан.