АНУ-ын Хэрэглэгчийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын комиссоос жил бүр бага насны хүүхдэд аюултай тоглоомын жагсаалтыг гаргадаг. Хүүхэд өөрийн насанд тохироогүй болон зарим тоглоомоос болж эрстэх, өөрийгөө болон бусдыг өвтгөх, гэмтээх, шархдах гээд олон төрлийн эрсдэл гардаг. 

Дээрх жагсаалтаар дараах 6 төрлийн тоглоом бага насны хүүхдэд аюултайд тооцогдож байна. 

1. Жижиг бөмбөг, бөмбөлгүүд 

Бага насны хүүхэд өөрийн гарт дайралдсан бүх зүйлийг ам руугаа хийдэг. Тийм учраас гурваас доош насны хүүхдийн тоглоомын хэмжээний диаметр 2.5 см-ээс дээш байх ёстой. Тэр дундаа бөмбөлөг, жижиг бөмбөгүүд нь маш аюултай. Хүүхэд амандаа хийж хахах, хоолойд гацах гэх мэт олон эрсдлийг дагуулдаг байна. Хэрвээ хүүхдэдээ жижиг тоглоом авч өгөх бол 2.5 см-ээс дээш хэмжээтэй тоглоом авч өгөхийг зөвлөж байна. 


2. Соронзон тоглоом 

Янз бүрийн дүрс, барилга байшин бүтээх соронзон тоглоом нь маш аюултай тоглоомын нэгд тооцогдож буй. Ямар нэг байдлаар хүүхэд 1-2 соронзон тоглоом залгиснаар соронз нь гэдэсний хананд наалдаж, гацаж, улмаар нарийн гэдэс гэмтээх, хүчтэй өвдөлт бий болгох, бүр амь насанд ч хүрэх эрсдэлтэй байна. Ихэнх тохиолдолд мэс заслын аргаар энэ тоглоомыг гаргаж авсан байна. 


3. Шаар 

Өнгөлөг шаар нь бяцхан хүүхдийн төрсөн өдрийн гоёмсог чимэглэл яах аргагүй мөн. Гэхдээ 8-аас доош насны хүүхдээр шаар үлээлгэж болдоггүй. Учир нь бага насны хүүхэд шаар үлээхэд амьсгал боогдох аюултайгаас гадна энэ нь мөн амь насанд нь ч эрсдэлтэй байдаг байна. 


4. Жижиг зайтай тоглоомууд 

Дугуй (бугуйн цагных шиг) зайтай тоглоом, электрон хэрэгслүүд, удирдлага, тооны машин өндөр эрсдлийг агуулдаг. Энэ нь бага насны хүүхдэд гялтгар чихэр шиг харагддаг учраас хүүхэд идэх, залгих магадлал өндөр байдаг аж. Энэ төрлийн эд зүйл гэрт хүүхдийн гар хүрэх газар байгаа эсэхийг эцэг эх, томчууд байнга шалгаж, зайн хэсгийг нь сайтар боож эсвэл нааж далдлах хэрэгтэй. 


5. Эргүүлэгч тоглоом

Өнгөрсөн жил эргүүлэгч тоглоом нь маш алдартай болсон хэдий ч бага насны хүүхдэд аюултайд тооцогдож байна. Энэ нь жижиг жижиг хэсгүүдээс бүрддэг учраас хүүхэд залгих, хахах аюултай. Мөн энэ нь дотроо дугуй зайтай учраас дээр дурдсан эрсдлээс гадна хүүхэд амандаа хийж шүдээ хугалах, амаа гэмтээх өндөр эрсдэлтэй. 


6. Тоглоомын авдар 

Зөвхөн жижиг хэмжээтэй тоглоом бага насны хүүхдэд аюултай биш гэнэ. Аварга модон авдар, хайрцаг ч мөн эрсдэлтэй байдаг аж. Энэ нь хүүхдийн амь насанд хүрэх ч эрсдэлтэй юм байна. Ялангуяа тухайн хайрцагны таг нь хүнд жинтэй бол хүүхэд тодор нь орж унах, таглагдах, хүзүүгээ хугалах зэрэг эрсдэлтэй. Хэрвээ тоглоомын хайрцаг хүүхдэдээ авч өгөх бол тагийг нь шалгаж үзээрэй. Хэрвээ хэт хүнд бол тагийг нь бүр мөсөн авч, таггүй хайрцаг болгох хэрэгтэй. 


Хайртай үрсээ, өхөөрдөм дүүгээ тоглуулахаар өгч буй тоглоом тань тэдэнд аюултай байж болохгүй нь мэдээж. Иймд тоглоомд нь онцгой анхаараарай.